Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ын Женев хотноо энэ сарын 4-5-ны өдрүүдэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Удирдах зөвлөлийн 16 дугаар хуралдаанд оролцлоо.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ШХУ-д болон НҮБ-ын Женев дахь төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж, Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Ганболд нар ажиллав.
АОХН-ийг 2012-2013 онд тэргүүлсэн Монгол Улс дэлхийн 112 улсыг эгнээндээ нэгтгэдэг, олон улсад өндөр нэр хүндтэй энэхүү хөдөлгөөний Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилладаг билээ.
Эл Салвадор улсад 2015 оны 7 дугаар сарын 24-нд болох АОХН-ийн сайд нарын 8 дугаар бага хурлаас гаргахаар бэлтгэж байгаа “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хөгжлийн шинэ асуудлуудын Сан Салвадорын тунхаглал” гэдэг баримт бичгийн төслийг хэлэлцсэн АОХН-ийн Удирдах зөвлөлийн энэхүү хуралдаанд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэллээ.
Сайд Л. Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ олон улсын хэмжээнд иргэний нийгмийн орон зай, оролцоо хумигдаж, дарамт шахалт нэмэгдэж байгаа өнөө үед АОХН иргэний нийгмийг өмгөөлж хамгаалах, тэдэнд илүү боломж олгох хүсэл зорилгоо илэрхийлж ийм баримт бичиг гаргахыг зарчмын хувьд дэмжиж, агуулга, хэлбэрийг нь энгийн ойлгомжтой болгох нь зүйтэй. Өөрийн оронд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа Монгол Улс ардчиллын боловсролд онцлон анхаарал хандуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган, ЮНЕСКО-ийн 58 дугаар Ерөнхий бага хуралд ардчиллын боловсролын асуудлаар тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулсан. Ардчиллын үнэт зүйлүүдийг нийгэмд төлөвшүүлэхийн тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.
Улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих сонголтыг 1992 онд ардчилсан үндсэн хуулиараа баталгаажуулсан Монгол Улс чөлөөт, ардчилсан сонгууль төдийгүй, сайн засаглал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, хууль дээдлэх ёс, ил тод байдлын цогц ойлголтыг нийгмийн амьдралд хэвшүүлэхийг зорьж байна. Манай улс сүүлийн 25 жилийн хугацаанд туулсан замаа дүгнэхийн хамт ололт амжилтаа бататгах, олж авсан сургамж туршлагаа бусадтай хуваалцахын тулд “Интернэтийн эрх чөлөө” эвслийг тэргүүлэн ажилладаг бөгөөд энэхүү эвслийн 5 дугаар бага хурлыг энэ оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний үндсэн эрх цахим орчинд ч баталгаажиж хамгаалагдах ёстой. “Интернэтийн эрх чөлөө” эвслийн 5 дугаар бага хурал, тэр үеэр зохиогдох арга хэмжээнүүд тэдгээрт оролцогчдод арга туршлагаа хуваалцах, ардчилал, иргэний нийгмийн өмнө тулгарч буй асуудлуудаар санал бодол солилцох, хамтарч ажиллах өргөн боломжийг нэмэгдүүлнэ гэж найдаж хэмээн цохон тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АОХН-ийн Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн болон Ардчиллын боловсролын ажлын хэсгүүдийн хуралд мөн оролцсон бөгөөд АОХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн улсууд, Ерөнхий нарийн бичгийн дарга, элчин сайд М. Лейснер нартай уулзаж Парис хотод “Чарли Хэбдо” хошин сэтгүүлийн газар балмад халдлагад өртсөн, алан хядагчид сэтгүүлчдийн амь насыг хөнөөж байгаатай холбогдуулан урлагийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх боломжийн талаар ярилцлаа. Тэд НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 29 дүгээр чуулганд тогтоолын төсөл хэлэлцүүлэх, 6 дугаар сард тусгай арга хэмжээ (Side event) зохион байгуулах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө жүжигчид, шог зураачид, сэтгүүлчид, эрдэмтэд, анхааруулж сэрэмжлүүлсэн (whistle blowers) хүмүүс, улс төрийн сөрөг хүчин, үндэсний болон бэлгийн цөөнхийг хавчих, эрхийг нь хязгаарлах, зөрчих тохиолдлыг хянан шалгах мандат бий болгох, институцчлэх, улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдалтай танилцдаг тусгай илтгэгчийн айлчлалын тоо, давтамжийг нэмэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд иргэний нийгмийг оролцуулах, төр, засгийн байгууллагуудтай ойр ажиллах, НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцдэг Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл (UPR)-д дээрх нөхцөл байдлыг тусгах, сэдэвчилсэн илтгэл хэлэлцүүлэх зэрэг тус хамтын нийгэмлэгийн зүгээс ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд М.Лейснер, Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгч Д. Кэй нар Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд хуралдах “Интернэтийн эрх чөлөө эвсэл”-ийн 5 дугаар бага хуралд оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.