Орхон аймгийн эрүүл мэндийн салбар энэ онд Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэх, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд удирдах зөвлөл байгуулж, санхүү, хүний нөөцийн эрх мэдлийг шилжүүлэх, эмийн жор бичилтийг бүх түвшинд сайжруулахад анхаарна.
Тус аймагт эрүүл мэндийн 126 байгууллагад 1300 орчим эмч, мэргэжилтэн ажилладаг байна. Иймд Эрүүл мэнд, спортын яам энэ жил нарийн мэргэжлийн эмч нарын ажлын байрыг тогтвортой хадгалах, залуу боловсон хүчинг хөдөө орон нутагт түлхүү ажиллуулах зарчим баримталж байгаа ажээ.
Өнгөрсөн онд тус аймгийн эрүүл мэндийн салбарт улсын болон орон нутгийн төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тухайлбал, гэр хороололд “Яаралтай тусламжийн төв 103”-ын салбар байгуулахад 179 сая төгрөг зарцуулсан аж. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд зургаан төрлийн шинжилгээ авдаг болсон нь БОЭТ-ийн ачааллыг багасгаж чадсан байна,. Мөн гадаад улсад өртөг өндөртэй эмчлүүлдэг 33 нэр төрлийн эмчилгээний зардалд Нийгмийн даатгалын сангаас 10 хүртэлх сая төгрөг олгохоор болжээ.