Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцчилах ажлын туршилтын хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхэлсэн. Туршилтын хугацаа зургадугаар сард дуусах бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэндийн хичээлийн агуулгыг биологи, биеийн тамирын хичээлүүдэд шингээж байгаа аж.
Энэ шийдвэрийг эсэргүүцэж, эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээхийг иргэний нийгмийн 107 байгууллага шаардаж өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг бөгөөд ихэнх архаг өвчний эх суурь нь энэ насанд тавигддагийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.
“Youth lead” Олон Улсын залуучуудын эрүүл мэндийн байгууллага А.Нямдорж “1998 оноос эрүүл мэндийн хичээл албан ёсоор ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөөнд орж эхэлсэн байдаг. Хүнд өвчлөлийн ихэнх хувийг хүн өсвөр насанд олж авдаг. Энэ насанд хүний мэдлэг, зан үйл төлөвшдөг.Өсвөр насандаа л эрүүл мэндийн боловсролыг зөв олж, эзэмшвэл цаашид зөв иргэн хүн, эцэг эх болон төлөвших үндэс суурь нь болно. Гэтэл яагаад залуучуудын эрүүл мэндийн боловролыг хавчаад байгаа юм бэ гэсэн асуудыг бид хөндөж байна. БСШУ-ны сайдад эрүүл мэндийн хичээлийг интеграцчилахгүй, хасахгүй байх шаардлага хүргүүлээд байгаа” гэлээ.
"Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрх ТББ сүлжээ"-ний тэргүүн Б.Алтанчимэг “Эрүүл мэндийн болон нөхөн үржихүйн боловсролыг багаас нь системтэйгээр олгох нь хамгийн чухал.
Өсвөр үеийнхэнд сэтгэл хөдлөл, зан үйл, бодол санаа, сурахтай холбоотой эмгэгүүд буюу сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолддог.
2011-2014 онд хийгдсэн судалгаануудын үр дүнгээс харахад хүүхэд, өсвөр үе, залуучуудын дунд эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд ихтэй, өсвөр насны охидын жирэмслэлт, осол гэмтэл, амиа хорлолт, мансуурах, тамхидалт, архидалт, хүчирхийлэл, үр хөндөлт нэмэгдсээр байна. Ийм байхад Эрүүл мэндийн хичээлийг интеграцчилах нь хамгийн буруу шийдвэр. Эрүүл мэндийн хичээлийг хүүхэд ахуй наснаас эхэлж сураад олсон мэдлэгээ насан туршийн дадал, зуршил болгох ёстой. Гэтэл интеграцчилах байдлаар ухралт хийж байгаад иргэний нийгмийн 107 байгууллагууд эсэргүүцэж, энэ харалган шийдвэрээ болиоч ээ гэж БСШУ-ны сайдад шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэ шаардалгын хариуг аваагүй байна” гэж ярилаа.
1998 онд “Сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл, Сургалтын төлөвлөгөө батлах тухай” Гэгээрлийн сайдын сайдын 100 дугаар тушаал гарч сургалтын төлөвлөгөөний “Нийтээрээ заавал судлах” хичээлд “Эрүүл мэнд” хичээлийг анги тус бүрт 12 цаг оруулж байхаар тогтон хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн хичээлийн бие даасан байдлаар оржээ.
М.Болор
HTML-