Мэргэжлын хяналтын байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаандаа шинэчлэл хийж “Хяналтын хуудас /check list/”-ыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улсын байцаагч энэ хуудсыг ашиглаж эхэлснээр аж ахуйн нэгж, байгууллагад хийж байгаа хяналт, шалгалт нь ил тод болж, шалгалт нэрийн дор гарч болзошгүй дарамт шахалт, хүнд суртлаас сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, хяналтын хуудсанд заасан зүйлийн дагуу л шалгах бөгөөд үүнээс өөрийг аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болсон гэсэн үг юм.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд энэ сарын 9-нд ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн /BGR/-гийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга, доктор Арне Хоффманн-Ротэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзахдаа энэ тухай санал солилцжээ. BGR-ийн хувьд байгаль орчин, геологи, уул уурхайн салбарт ашиглаж байгаа хяналтын хуудсыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ. BGR нь сүүлийн есөн жил МХЕГ-тай хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд энэ мягмар гарагт албан ёсоор дүгнэх юм. Төслийн хүрээнд улсын байцаагчдыг чадавхжуулан, дотоод, гадаадын сургалтад хамруулж, хяналтын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж иржээ. Талууд цаашид геологи, уул уурхайн салбарт мэдээллийн систем бүрдүүлж нэвтрүүлэх бичил төслийг ойрын хоёр жил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.