Дундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болох байв. Энэ тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас ирсэн 13 настай охин өмнөх өдөр нь нас баржээ. Уг тэмцээнд хүч үзэхээр аймгийн төвд 11 сумаас 300 гаруй хүүхэд ирсэн байж. Охины биеийн жин барилдах жингээсээ их байсан тул багш нь түүнийг “Жингээ хас” хэмээн нэлээд удаан гүйлгэн хөлөргөөд, дараа нь матраасанд ороосон аж. Энэ нь охиныг үхэлд хүргэх гол шалтгаан болжээ. Багш нь тухайн үед дэргэд нь байгаагүй. Гадуур ажилтай яваад ирэхэд ийм хэрэг гарсан байсан гэж мэдүүлсэн ч камерын бичлэгт уг багш охины дэргэд сууж байгаа дүрс үлдсэн байна. Багшийг нь Мөнхбат гэдэг, тав орчим жил ажиллаж байгаа, мэргэжлийн дасгалжуулагч гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар охиныг матраасанд ороосноос хойш 10 гаруй минутын дараа гаргаж авахад аль хэдийн клиник үхэлд орчихсон байж. Яаралтай тусламж дуудан, эмнэлэгт аваачихад зүрх нь арай чамай цохилж байжээ. Гэлээ ч амьсгалын аппаратны тусламжтайгаар 2-3 цаг болоод нас барсан байна. Дундговь аймгийн спорт хорооныхон “Багшид нь хоёр кг-аас илүү жин хасаж болохгүй гэдгийг мэдэгдэж, охиныг дээд жинд нь барилдуул гэж хэлсэн. Зөвлөгөө дагалгүй, жинг нь хасах гэснээс ийм хэрэг гарлаа” гэв. Дэлгэрэнгүйг “Өнөөдөр” сонины маргаашийн дугаараас уншаарай.