Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны зарим жолооч, кондукторууд өнөөдөр 06.00 цагаас хуучнаар “Автобус-1” компанийн хашаанд ажил хаялт зарлахаар болжээ. Ажил хаялтад “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхан буюу “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн ажилтнууд бүгд оролцох юм байна.
Тэд тарифын хэлэлцээрийг мөрдөхийг шаардаж байгаа гэнэ. Энэ хэлэлцээрээр бол ажилчдын цалингийн 70 хувь нь үндсэн, 30 хувь нь шагналт цалин байх ёстой аж. Гэтэл одоо тэдний цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин юм байна. Орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар тэдний үндсэн цалинг хасдаг гэнэ.
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн жолооч нар дунджаар 1.1 сая, кондуктор 700 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Тиймээс цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ҮЭ-ийн холбооноос нь ажилт хаялт зарлахаар шийджээ.