Өмнөговь аймгийн Булган суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Тэмээний баяр 2015”-д Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн тэмээчид оролцон, нийт найман төрлийн тэмцээнээр өрсөлдлөө. Тэнэгэр говийн энэ тэнгэрлэг амьтны сүр жавхааг харуулсан парад, ат, тайлаг, торомны уралдаанд тэмээчид нийт 150 орчим тэмээгээ сойв. Тэмээн полоны тэмцээнд гурван аймгийн 11 баг оролцож, нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Г.Энхбаатар ахлагчтай “Өгөөмөр” баг түрүүлсэн юм. Хамгийн гоё тэмээтэй сайхан хос шалгаруулахад дөрвөн сумын долоон хос оролцсоноос Булган сумын Дал багийн Э.Азхүү, Д.Мядагсүрэн нар тэргүүллээ.
Хос зогдорт үүлдрийн тэмээгээрээ алдартай Өмнөговь аймгийн Булган суманд жил бүр зохион байгуулдаг эл баяр Монголын аялал жуулчлалын эвент арга хэмжээ болжээ. Гадаадын 70 гаруй жуулчин, дотоодын 400 гаруй хүн эл баярыг сонирхож, гадаадын дөрвөн телевиз сурвалжилсан нь үүнийг тодотгоно. Өмнөговийн Булган сумын ЗДТГ, Тэмээ хамгаалах сан, “Тэмээн соёл” уяачдын холбоо, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран, 18 дахь жилдээ эл баярыг зохион байгуулсан юм.