Баянзүрх дүүргийн IX хорооны нутагт өнгөрсөн оны тавдугаар сард хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, овоон дор нуусан ноцтой хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгасан билээ.Ховд, Өвөрхангай аймгийн харьяат хоёр бүсгүйтэй бааранд танилцсан Б.Идэрзаяа гэх залуу хохирогч Б-тэй маргалдан амийг нь бүрэлгээд уг хэргээ нуун далдлах зорилгоор дараа нь найз Х-ыг нь егүүтгэсэн нь тодорхой болсон юм.
Дүүргийн I прокурорын газраас сэжигтэн Б.Идэрзаяад хоёр хүний амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн юм. Өчигдөр уг хэргийг хэлэлцэхээр тус шүүх товлосон байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг “Эмчлүүлж байгаа учраас хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан гэнэ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн авч энэ сарын 27 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.