Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа.
Энэ хүрээнд нийслэлийн залуучуудад зориулсан анхны хөгжлийн төвийг Баянгол дүүрэгт өчигдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон дүүргийн удирдлагууд, залуусын төлөөлөл оролцлов.
Тус дүүргийн хувьд нийт хүн амын 38.3 хувийг залуучууд эзэлдэг байна.
Залуучуудын хөгжлийн төв байгуулагдсанаар залуучуудын хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн бүх төрлийн нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон чухал бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлэг, компьютерийн сургалтад тогтмол хамрагдаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм.