Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны зарим жолооч, кондукторууд хуучнаар “Автобус- I” компанийн хашаанд ажил хаяхаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ынхан буюу “Автобус I”, “Автобус II”, “Автобус III” компанийн ажилтнууд бүгд оролцох байв.
Гэсэн ч өчигдөр тэд үйл ажиллагаагаа хэвийн явууллаа. Энэ талаар тус нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь лавлахад “Бид ажил хаяхаа хэд хоногоор хойшлууллаа. Ирэх баасан гариг гэхэд бидний үндсэн цалинг нэмэхгүй бол ямар нэгэн тайлбаргүйгээр ажил хаяна гэдгээ удирдлагууддаа мэдэгдсэн. Одоогоор зорчигчдоо хохироохгүйн тулд байдлыг харзнаж байна” гэлээ.
Тэд цалингийнхаа 70 хувийг үндсэн, 30 хувиа шагналт цалин байлгахаар удирдлагуудтайгаа хэлэлцээр хийсэн ч тэдний цалингийнх нь 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин юм байна. Мөн орлогын төлөвлөгөөгөө биелүүлээгүй гэсэн шалтгаанаар жолооч, кондукторуудын үндсэн цалингаас хасдаг аж. “Зорчигч тээврийн нэгтгэл”- ийн жолооч нар дунджаар 1.1 сая, кондуктор 700 мянган төгрөгийн цалин авч байгаа гэнэ. Тиймээс тэд үндсэн цалингаа 250-350 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тэмцэж байгаа гэдгээ хэлэв.
О. УНДРАХ