“Улаанбаатар” их сургуулийнхан МУИС-ийн бүтцээс гарч, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулна гэдгээ нийслэлийн удирдлага болон БСШУ-ы сайдад удаа дараа мэдэгдэж, нийслэлийн харьяа сургууль болгох хүсэлт тавьж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, номын сангийн санхүүжилтийг хэрхэх, “Улаанбаатар” их сургуулийг бүтцээсээ хасах эсэхийг хэлэлцжээ.
Ийн сургуулийн Е-номын сан болон хичээлийн IV байрны өргөтгөл барихад шаардлагатай мөнгийг төсөвт тусгах, зээл, концессийн гэрээ зэрэг хэлбэрээр хөрөнгийг бүрдүүлэх санал боловсруулж, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон байна.
Харин “Улаанбаатар” их сургуулийг бүтцээсээ хасах эсэхийг МУИС-ийн Удирдах зөвлөл шийдэхгүй гэнэ. Учир нь Дээд боловсролын тухай хуулийн 6.3-т “Төрийн өмчит их, дээд сургууль, коллеж байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийднэ” гэж заажээ. Иймээс “Улаанбаатар” их сургуулийг МУИС-д нэгтгэсэн Засгийн газрын 2010 онд гаргасан тогтоол хүчингүй болоогүй тул Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн аж.
Э.ЭРДЭНЭ