Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Соёолж” төвд зохиогдсон олон улсын цэцгийн үзэсгэлэн худалдаагаар түр саатлаа. Анхилам үнэртэй, өнгө өнгийн цэцгийг сониучирхан харах багачууд, хайртай бүсгүйдээ хамгийн гоёыг нь өгөх өөр цэцэгсээс шилж сонгох залуу, нүд сэтгэл нь баясан яваа цэцгийн хорхойтнууд үзэсгэлэнгийн танхимд том багагүй олон хүн ирсэн байлаа. Тус үзэсгэлэнд дотоодын долоон компаниас гадна БНАСАУ, Япон улсын хоёр байгууллага оролцжээ.
Сүүлийн үед хүмүүс эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, хүүхдэд ээлтэй тасалгааны цэцэг худалдан авах болсон. Энэ удаагийн үзэсгэлэнд зочилсон хүмүүс тасалгааны цэцэг тэр дундаа гоодаль, цахирмаа, эрдмийн ундраа, хайтан, зүрхэн цэцгийг сонгон авч байлаа. Хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн танхимын хамгийн эрэлттэй цэцэг гоодаль байв. Худалдагчийн хэлж байгаагаар бүсгүй хүнд гоодаль бэлэглэсэн эр хүн гоо сайхныг нь бишрэн шүтэж буйн илрэл аж.
Гоодалийг гэр бүлийн аз жаргалын цэцэг ч гэж нэрлэдэг. Баяр баяслын энерги ялгаруулж байдаг учраас зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг байна.
Хувиараа цэцэг тарьдаг “Хун цэцэг”, “Цээнийн төгөл” клубийн гишүүд худалдан авагчдад тасалгааны цэцгийн талаар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцож байв. Тэднээс тасалгааны цэцгийн талаар тодруулснаа хүргэе.
“Хун цэцэг” клубийн гишүүн Д.Бямбадолгор
Бид цэцэгнүүдээ үнэнчээр тарьдаг. Хүчтэй бордоо хэрэглэж цэцгээ хурдан ургуулж борлуулах гэсэн хүн олон байдаг. Харин манай клубийнхэн түүний эсрэг ажилладаг. Хүмүүс ихэвчлэн мөчрөөр тарьсан болон урдаас орж ирсэн, цэцэглэсэн ургамал авах сонирхолтой байдаг. Түүнчлэн зарим хүн тасалгааны цэцгүүдээ ялгаж сурахгүй бүх цэцгийг адилхан усалдаг. Бага усалгаа шаарддаг цэцэг гэж бий. Манай клубийн багш нар энэ бүхнийг ялгаж, зааж сургадаг. Өнөөдрийн үзэсгэлэнд 60 гаруй цэцэгтэй оролцож байна. Цэцгүүд маань 20-40 мянган төгрөгийн үнэтэй.
МУИС-ийн Биологийн тэнхимийн ургамал судлалын багш Б.Оюунцэцэг
Цэцгээрээ гоёдог тасалгааны ургамлын тухай би ном хэвлүүлсэн юм. Энэ номонд 170 гаруй ургамлын тухай мэдээлэл оруулсан байгаа. Хүмүүс сарнайг навч, гоёлын цаасаар чимэглэдэг шүү дээ. Тасалгааны цэцгийг ч сарнайтай адилхан чимэглэж болно гэдэг санааг энэ номондоо бичсэн. Өнгийн цаас, тууз гэсэн хоёрхон чимэглэлээр ч гоёж болно. Олон улсын цэцгийн үзэсгэлэнд оролцогчид дунд ургамал судлаач хүн олон байлаа. Тэд “Хятадаас оруулж ирж байгаа цэцгийг муу гэж ойлгож болохгүй. Учир нь тэд тариалангийн ажилдаа биднээс илүү туршлагатай. Хувиараа цэцэг тарьж ургуулах нь урдаас бэлэн цэцэг оруулж ирэхээс хэд дахин илүү хөдөлмөр шаарддаг. Тиймээс тэдний хөдөлмөрийг үнэлж, үнийн зөрүүтэй борлуулах хэрэгтэй. Гэтэл зарим хүн хятад цэцгийг муу гэж ойлгодог” гэв.
Э.НЯМДУЛАМ