Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Скай ресорт”-д гурав дахь өдрөө үргэлжилж шилдгүүдээ тодруулсаар байна.
Тус тэмцээнд 15 байгууллагын 70 гаруй тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Энэхүү 60 гаруй жилийн түүхтэй УАШТ-ий энэ жилийн онцлог нь сүүлийн 20 гаруй жил зохион байгуулагдаагүй 30 км, 15 км-ын зайн уралдааныг хөтөлбөрт оруулсан явдал байв.
Тус тэмцээний медальтнуудыг танилцуулж байна. Эрэгтэй 30 км-ийн бөөн гараа (сонгомол техник)-нд ОУХМ Б.Бямбадорж (Хилчин) алтан медалийн эзэн болж СМ Б.Ачбадрах (Хилчин), СМ О.Гантулга (Алдар) мөнгө, хүрэл медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 15 км-ийн бөөн гараа (сонгомол техник)-нд СМ Э.Ариунтунгалаг (Алдар) тэргүүлж, СМ Ж.Халиунаа (Хилчин) СМ А.Энхтуул (Хилчин) нар удаах байрт шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 15 км-ийн цуваа гараа (тэших техник)-нд ОУХМ Б.Бямбадорж (Хилчин) аваргалж, СМ Б.Ачбадрах (Хилчин), СМ Б.Амарсанаа (Алдар) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараа (тэших техник)-нд СМ Э.Ариунтунгалаг (Алдар) аваргын медаль хүртсэн бол, СМ А.Энхтуул (Хилчин) мөнгө, СМ Ж.Халиунаа (Хилчин) хүрэл медаль тус тус хүртсэн байна.