Хууль зүйн яам төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Аюулгүй гар утас” аяныг эхлүүллээ. Тус аяныг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ зохион байгуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, Гэгээ уран бүтээлийн нэгдэл дэмжин оролцож байна. Уг аяны гол зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод туслах юм. Энэхүү аян энэ сарын 9-27-ны өдөр хүртэл үргэлжлэнэ.
Тус арга хэмжээний хүрээнд иргэдээс хандивласан гар утсыг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ажилчид цуглуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө. Улмаар хариуцсан алба хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэдэд тэдгээр гар утсыг түгээх ажлыг зохион байгуулна.
Судалгаагаар хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогджээ.
Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлгийн, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход нөлөөлдөг байна. Иймээс дахин эрсдэлд орохоос сэргийлж хүчирхийлэлд өртөж түр хамгаалах байранд байрлаж байгаа болон цагдаагийн тусламж авсан, дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудын дэмжлэг авч байгаа иргэдэд олон нийтээс хандивласан гар утсыг дугаарын хамт өгөх ажээ.
Тус аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж энэ хугацаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнд байрлаж буй “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ-ын ажилтнуудад гар утсаа хандивлан өгөх юм.