Өнөөдөр дэлхий дээр залуучууд гэх тодорхойлолттой 1.8 тэрбум хүн аж төрөн амьдарч байгаа нь урьд өмнө байгаагүй хүн ам зүйн өндөр үзүүлэлт болоод байна. Манай Улсын нийт хүн амын 38,5 хувийг 18-35 насны залуучууд эзлэж байгаа нь Монгол Улс залуучуудын орон болсныг илтгэж байна. Өмнө дурьдсан дэлхий нийтийн чиг хандлага, манай орны залуучуудын өнөөгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байна.
2013 онд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орон хамрагдсаны 122 улс залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлогын баримт бичигтэй байгаа бол тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байна. “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төлөвлөж буй томоохон ажлын нэг нь Азийн Залуучуудын Зөвлөлийн XIV ерөнхий чуулганыг “Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 19-өөс 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Энэхүү Азийн залуучуудын чуулганд 16 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн Залуучуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж залуучуудын хөгжих, сурч боловсрох, нийгэмд болон шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлж,амьдралын болон хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангасан Залуучуудын хөгжлийн 9 төвийг Баян-өлгий, Ховд, Увс, Завхан, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгуудад 2014 онд байгуулсан бол энэ онд 6 төвийг нэмж байгуулахаар төлөвлөснөөс Баянгол дүүрэг, Говь-Алтай аймагт энэхүү төвийг нээгээд байна. Үүний дээр Залуучуудын эрэлт хэрэгцээ болсон Залуучуудын хөгжлийн ордон болон нэгдсэн номын санг байгуулах ажлууд нэгэнтээ эхлээд байна.