Түүнийг Б.Сарантуяа гэдэг. Тэрээр 2012 оны намар золгүй байдлаар бүрэн хараагүй болжээ. Нисэхт байдаг гэр рүүгээ очихоор таксинд суусан боловч жолооч “Би өөр тийшээ явлаа, та буу" гэсэн байна. Тэр үед бүсгүй “Тэгвэл та намайг гэрэл ихтэй газар буулгаад өгөөрэй, би хараа жаахан муутай" гэж хэлсэн боловч буухад нь түлхчихжээ. Үүнээс болоод бүсгүй замын боржур давж унаад, гурван метр хиртэй шуудуу руу унаж тархиндаа хүнд гэмтэл аваад бүрэн хараагүй болчихжээ.
Сарантуяагийн хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрж өссөн. Одоо 29 настай. Дунд сургуулиа онц дүнтэй төгсөж байжээ. МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн анги болон Дархан хотын ТИС-ийг орчуулагч, багш мэргэжлээр дүүргэсэн юм. Орос, англи, япон хэлтэй мөн шүлэг яруу найраг сонирхдог.
Хамгийн сүүлд Валентины баяраар яруу найргийн тэмцээнд түрүүлжээ. Тэрээр бүх шүлгээ монгол бичгээр бичдэг. Одоогоор 5000 гаруй шүлэгтэй болжээ. Энэ авъяаслаг бүсгүй төрсөн эцэг эхээ мэддэггүй. Орос хүмүүст багадаа өргүүлсэн боловч өргөж авсан аав, ээж нь 16 настайд нь нутаг буцсан байна. Одоо түүнийг гэх ганцхан хүн нь бяцхан хүү нь. Б.Сарантуяа бүсгүй нутгийнхаа айлын хашаанд амьдардаг бөгөөд хөршүүд нь ус түлээ авахад нь тусалж, хааяа хувцсыг нь угааж гэрийг нь цэвэрлэж өгдөг байна.
Одоогоор Б.Сарантуяа группийн 115.000 төгрөг, хүүхдийн 20.000 төгрөг авдаг ч түлээ нүүрс, хоол ундных нь зардалд хүрэлцдэггүй гэнэ.
Саяхан “Хараагүйчүүдийн холбоо"–ныхон хараагүй иргэдэд өвлийн хувцас бэлэглэх үеэр сайн санаат хүмүүс Б.Сарантуяа бүсгүйтэй уулзсан байна. Б.Сугараа А.Сарнай, Ч.Мөнхбаяр нар Б.Сарантуяа бүсгүйг 2015 оны нэгдүгээр сараас хойш эргэж тойрч, эмнэлэгт үзүүлж тусалсаар иржээ. Удахгүй сайн санаатай хүмүүсийн ачаар тэрбээр хагалгаанд орох гэнэ. Эмч нар “Найдлага бага байгаа" гэж хэлсэн ч халуун сэтгэлт хүмүүс итгэж найдсаар байгаа гэдгээ ярьж байлаа.
Б.Сугараа “Б. Сарантуяатай уулзаад ганцхан удаа туслаад өнгөрөх хүн биш байна гэж мэдсэн. Бид нар шиг цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүст хийж чадах зүйл хязгаарлагдмал байна. Тиймээс энэ бүсгүйд туслаач гэж Монголын ард түмэн, урлаг соёлын одууддаа уриалмаар байна “гэлээ.
Дөрвөн настай хүү нь хараагүй ээжийгээ хүрэх газар нь хүргэж, гамбир хайрч, нүүрс түлж асарч байна. Хараагүй хүн гэр хорооллын нөхцөлд амьдарч, ус түлээ бэлтгэх хэцүү болохоор хэвлэлийн хурал зохион байгуулагчид энэ бүсгүйд тусалж “Ганц өрөө байр авж өгье" гэсэн хүсэлтэй байна. Халуун сэтгэлтэй хүмүүс та бүхэн туслаарай.
холбогдох утас:88476162