Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний музейн үзмэр хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх” төсөл эхлүүлэхээр өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар нот бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй эртний түүх, соёлын үнэт үзмэрүүдийг тохирсон температурт байлгах, сэргээн засварлах, ариутгах, цэвэрлэх, чийгшүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн үзмэрийн бүртгэл мэдээллийн сангийн гэрэл зургийн аппараттай ч болох нь. Эдгээр тоног төхөөрөмж 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн үнэтэй аж. Ноён Такэнори Шимизү “Энэ төсөл нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй балар эртний олдвороос эхлээд дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох соёлын өвийг удаан хугацаанд хамгийн сайнаар хадгалан, хамгаалах зорилготой. Түүнчлэн Япон улсын Засгийн газрын соёлын ерөнхий буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Хархорин музейг барьж, 2010 оны есд үгээр сард ашиглалтад оруулсан.
Мөн 2013 онд Соёлын өвийн төвд судалгаа шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлсэн нь өдгөө үр дүнтэй ашиглагдаж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт нэгэн сониноос уншсан. Сэтгэл хангалуун байна. Иймд энэхүү төслийн үр дүнд Монголын түүх судлал улам өргөжин хөгжиж, хүмүүсийн сонирхлыг үргэлж татан, аялал жуучлалын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал хүчин зүйл болно гэдэгт найдаж байна” гэв. Япон улсын Засгийн газрын соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 25.7 тэрбум орчим төгрөгийн тусламж үзүүлсэн бөгөөд энэ удаагийн төсөл 25 дахь нь аж.
Тус музейн Арга зүйн төвийн дарга Д.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай музейд хэчнээн үзмэр хадгалагдаж байна вэ. Үзмэрээ бүгдийг нь ариутган цэвэрлэж чадаж байна уу?
-6000 орчим үзмэр бий. Соёлын өвийн төвд үзмэрүүдээ өгч ариутган, цэвэрлүүлдэг. Гэхдээ жилд 10-20 үзмэр л цэвэрлүүлдэг юм. 6000 гаруй үзмэртэй манайх шиг музейн хувьд энэ бол хангалтгүй тоо. Заримдаа үзэсгэлэн гаргах үеэр 100 орчмыг цэвэрлүүлдэг. Харин Японы Засгийн газрын соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн үр дүнд бүх үзмэрийг ариутган цэвэрлэх боломж бүрдэнэ.
-Тэгвэл хадгалалт хэр байна. Үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэхийн тулд юу шаардлагатай вэ?
-Хадгалалт тааруу. Учир нь манай улсад музейн стандартад нийцсэн барилга байгууламж байхгүй. Олон улсын жишигт хүргэхийн тулд стандартад нийцсэн барилга байх хэрэгтэй.
Д.БАТСҮРЭН