Үнэгүй юм хэзээд үнэ цэнэгүй байдаг бололтой. Улсын цэцэрлэгт хүүхдээ үнэгүй сургаж, үнэгүй хооллож байж “Баярлалаа” гэж хэлсэн эцэг, эх ер нь байдаг болов уу. Харин ч ийм л байх ёстой мэтээр авирлаж, “Манай хүүхдийн цэцэрлэг хоол бага өгөөд байх юм”, “Багш нь мөнгө нэхлээ” гэх гомдол тасардаггүй. Үүний хамгийн ойрын бодит жишээ 76 дугаар цэцэрлэгт саяхан болов. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон МХЕГ-т тус цэцэрлэгийн эрхлэгчийг эцэг, эхчүүдээс мөнгө татлаа гэсэн гомдол иржээ. Энэ дагуу шалгахад цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн эцэг, эхчүүдээс 20-80 мянган төгрөг, нийт 14 сая төгрөг хураасан байж.
Гэхдээ нэг ч төгрөг хувьдаа завшаагүй бөгөөд ариун цэврийн өрөөнүүдийг тохижуулахад уг мөнгийг зарцуулсан аж. Эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь БСШУ-ы болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийн “... Хандив, буцалтгүй тусламж цуглуулах нь хандивлагчийн болон тусламж үзүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна” гэсэн заалтыг зөрчжээ. Мэдээж цэцэрлэгийн эрхлэгч эцэг, эхчүүдээс саналыг нь авалгүй, албадан мөнгө хураасан нь буруу.
Нөгөө талаас улсаас цэцэрлэгийн засварт өгдөг мөнгө хаа хаанаа хүрдэггүйгээс ийм шийдвэр гаргаж, эцэг, эхчүүдээс аваад ч атугай сургалтын орчноо сайжруулах гэсэн эрхлэгчийг буруутгах аргагүй. Цэцэрлэгээ сайхан болгох зорилгоор мөнгө хураасан энэ мэт тохиолдол нийслэлд хэд хэдэн удаа гарч байжээ. Тэр бүхэнд хариуцлага тооцох аргагүй байдгийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана учирласан. Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэг л гэхэд бохирын шугам нь задарснаас өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас үйл ажиллагаагаа зогсоосон. Азаар энэ онд нийслэлээс тус цэцэрлэгийн засварт 80 сая төгрөг төсөвлөсөн ч дахиад 230 сая төгрөг хэрэгтэй байгаа.
Ийм хэмжээний мөнгө дүүрэгт байхгүй учраас удирдлагууд нь мөнгө гуйж, бадар барихаас өөр аргагүй болжээ. Засвар хийх шаардлагатай цэцэрлэг үүгээр тогтохгүй олон бий. Тэр бүхэнд улсаас төсөвлөдөг мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог. Иймээс эцэг, эхчүүд юм болгонд бусдын гар харалгүй, улсын цэцэрлэгт хүүхдээ үнэгүй сургасныхаа төлөө хэдэн төгрөг хэл үггүйхэн өгч, хүүхдийнхээ өдөржин байдаг, тоглодог, унтдаг, хооллодог газрыг сайжруулж болмоор. Мэдээж өгсөн мөнгөндөө хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Түүнээс биш “Эрхлэгч нь мөнгө нэхээд байна” гэж алтан хошуу өргөх төдийд л асуудал шийдэгдчихгүй. Харин ч таны хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурах эрх зөрчигдсөөр байх болно.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ