Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатыг чөлөөлж, тус газрын даргаар Б.Цэнгэлийг томилов. О.Ганбатыг чөлөөлнө, Б.Цэнгэлийг ирнэ гэсэн мэдээлэл аль хоёр сарын өмнө л гаальчдын дунд яригдаж байсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгэхдээ Б.Цэнгэлтэй хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга асан Б.Цээпилдорж, нэгэн үе Татварын ерөнхий газрыг ч, Гаалийн ерөнхий газрыг ч удирдаж явсан Б.Баттөмөр нарын нэр яригдаж байсан юм.
Б.Цэнгэл нь УИХ-ын гишүүн асан Р.Раш гишүүний хүргэн. Тэрээр Шадар сайд У.Хүрэлсүхийн итгэлтэй хүмүүсийн нэг бөгөөд гаалийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Тодруулбал, 2000-2008 онд гаалийн байгууллагын албаны дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Цаашлаад ЗТАЖЯ, ЗТБХБЯ-нд Тээврийн үйлчилгээний төв, Авто тээврийн үндэсний төвийн дарга, дэд сайдаар ажилласан юм.
Үүнээс гадна Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Д.Цогт-Очирыг томиллоо. Д.Цогт-Очир нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.