Монгол Улсын Ерөнхийлөгчид зарлигаараа дамжуулж ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийг Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон байдаг. Үндсэн хуулийн 33 дугаар зүйл дээр зааснаар энэ бол Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Уучлал үзүүлэх шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ялаас нь хэсэгчилэн болон бүрэн чөлөөлнө. Уучлал нь төрөөс иргэндээ үзүүлж буй ардчилсан, энэрэнгүйн хайр хишиг гэж үздэг. Ял шийтгүүлж, шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон ялтан гэм буруугаа ухаарч, гэмшсэн байх бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгчөөс уучлал хүсч албан ёсоор хүсэлтээ ирүүлэх ёстой. Энэ хүсэлтийг нь Ерөнхийлөгч харгалзан үзэж уучлах эсэхээ шийддэг учиртай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнгөрсөн 2014 онд нийтдээ 114 ялтнаас уучлал хүссэн захидал иржээ. Үүнээс тавд нь л уучлал үзүүлсэн байна. 37 хүний уучлал хүссэн захидалд татгалзаж 51 ялтны хүсэлтийг хуульд нийцээгүй байна хэмээн буцаажээ. Харин 21 хүний уучлалыг өөртөө үлдээн судалж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр жилдээ 45 хүнд уучлал үзүүлдэг байсан гэсэн судалгаа байдаг.