Баянгол дүүргийн X хорооллын 43, 44-ийн А, Б байрны зарим оршин суугч орон сууцныхаа дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай бүхий авто зогсоол барихыг эсэргүүцэж буй. Тэд энэ зогсоолыг “Абсалютган констракшн” компани барих гэж байгаа хэмээн мэдэгдсэн ч тус компани барихгүй гэнэ. “Абсалютган констракшн” компанийн ерөнхий захирал С.Батнасан болон зогсоолыг захиалагч иргэн Д.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Авто зогсоол барих, эсэх талаар иргэдээс санал авсан гэсэн. Хэд нь зөвшөөрсөн бэ?
Д.Батмөнх: -44 дүгээр байрны оршин суугч Ганболд найз маань анх надад “Манай байрнуудын эргэн тойрон бохирдол ихтэй, хүүхэд салхилуулах газаргүй, автомашины зогсоолгүй. Иймээс энд зогсоол барья” гэж санал тавьсан. Найз маань “Баян Марз” гэх барилгын компанитай. Ингээд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай, автомашины зогсоол газар дор барих төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ийн холбогдох журмын дагуу СӨХ-нд нь хүсэлт тавьж “Оршин суугчдаас санал ав” гэсний дагуу иргэдийн төлөөллийг хамт явуулахыг хүсэхэд “Ганболд энэ байранд амьдардаг, бас барилгыг ч барих учраас хамт явахад болно” гэсэн. 44-ийн А, Б байрны оршин суугчдаас санал авахад 72.7 хувь нь гарааш барихыг дэмжсэн юм. Үүний дараа СӨХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, зөвшөөрсөн. Гэтэл зогсоол байгуулах байршил өөрчлөгдөж, нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийнхэн 43 дугаар байрны иргэдээс санал ав гэснээр энэ сарын 7-10-ны хооронд санал авлаа. Тухайн үед иргэн Ганхуяг биднийг эсэргүүцэн, иргэдэд зогсоолын талаар ташаа мэдээлэл өгсөн байсан. Бид иргэдтэй нэг бүрчлэн уулзаж, зураг төслөө танилцуулахад 58 өрхийн 35 нь зөвшөөрч, долоо нь эзгүй, тав нь зураг төсөл бүрэн дууссаны дараа саналаа өгнө гэсэн бол дөрөв нь татгалзсан. Харин долоон айл байраа түрээслүүлдэг учраас санал өгөөгүй.
-Эсэргүүцээд хэл ам хийгээд байгаа иргэдтэй уулзсан уу?
-Нэг удаа уулзсан. Харин дараа нь нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс биднийг нүүр тулж уулзуулах санал тавьснаар өнгөрсөн баасан гаригт уулзах байсан ч тэд ирээгүй.
-Яагаад иргэд “Абсалютган констракшн” компанийг зогсоол барих гэж байна гээд ойлгочихсон юм бэ?
С.Батнасан: -Би найздаа туслах зорилгоор иргэдийн саналыг хамт явж авсан юм. Тэр ч утгаараа хэл ам гаргаад буй иргэдтэй өнгөрсөн мягмар гаригт уулзсан. Иргэд машины гарааш байгуулснаар их хэмжээний утаа ялгарна гэж эсэргүүцсэн учраас нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас дүгнэлт гаргаж, шат шатны байгууллага нь хянадаг гэдгийг тайлбарлан, компанийнхаа ийм дүгнэлтийг иргэдэд харуулахад манайхыг зогсоол барих гэж байна гээд ойлгочихсон. Үүнээс болоод бид нэр хүндээрээ хохирч байна.
Д.Батмөнх: -Байрнуудын өмнөх газар нь өдгөө автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай эсэх нь мэдэгдэхгүй болсон. Суух ч сандал байдаггүй. Харин бид үүнийг тохижуулах гэж байна. Хэрэв зогсоол барьснаар агаар бохирддог юм бол шинээр ашиглалтад орж байгаа дороо зогсоолтой орон сууцнууд яах болж байна. Гараашгүй бол өвлийн улиралд хүмүүс машинаа 20-30 минут халааж, утаа их хэмжээгээр ялгаруулна. Зогсоолтой болсноор машин халаах шаардлагагүй, агаарын бохирдол ч буурна.
-Нийслэлийн Засаг дарга Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх журмыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд хүчингүй болгосон гэсэн. Иргэд журмыг хүчингүй болгосноор зогсоол байгуулах ажил зогсоно гэж үзээд байгаа юм билээ. Ер нь энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Засаг даргын захирамж есдүгээр сард гарч, нэгдүгээр сард хүчингүй болсон. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас гараашаа барихаар хөөцөлдсөн. Захирамж хүчингүй болсон ч ажлыг үргэлжлүүлэх эрх зүйн үндэстэй. Бид хууль, журам зөрчөөгүй. Иргэдийн 70 хувийн дэмжлэг авсан учраас үүнийгээ Ерөнхий төлөвлөгөөний газарт танилцуулна. Тэд саналыг үндэслэж, дараагийн шийдвэрээ гаргах байх. Иргэдэд хэлэхэд, удахгүй ажил эхэлбэл намар дулаан зогсоол ашиглалтад орно. Ингэснээр оршин суугчид үл хөдлөх хөрөнгөтэй, хүүхэд, хөгшчүүл салхилах талбайтай болох юм.
Э.ЭРДЭНЭ