Голомт банкнаас энэ сарын 19-нд “Хөдөө Аж Ахуйн Төслийн Санхүүжилт” зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг дангаар бүрдүүлдэг ч шинэчлэлт хөгжил ихээр шаардлагатай байгаа салбар хэмээн тус банкнаас үзэж буй аж.
Манай улсад малын тоо толгой олон боловч чанар, гарц, түүхий эд боловсруулалт бага, хүнсний дотоодын хэрэгцээний хангалт муу, дэд бүтэц, санхүүгийн систем бүрэлдэн тогтож амжаагүй байна. Тиймээс 2015 онд төрөөс ХАА-н санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлж, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, урт хугацааны төсвийн болон мөнгөний тогтвортой бодлогоор дэмжих бодлого баримтлахаар төлөвлөж байгаа. Үүнд санхүүгийн байгууллагууд, тэр дундаа арилжааны банкуудын үүрэг оролцоо чухал тул дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулах болсноо дуулгалаа. Түүнчлэн 2013-2014 онд Монгол банк, ҮХААЯ-наас “Үнэ Тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж нийт 376.7 тэрбум төгрөг, Чингис бонд, Самурай бонд болон Засгийн газрын үнэт цаасны хүрээнд 220 тэрбум төгрөгийн зээлийг олгосон ч энэ нь хангалттай түвшинд хүрэхгүй байгааг Голомт банкны удирдлагууд тодотгов.
Тус зөвлөлгөөнд Засгийн газар, ХАА-н салбарын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд, санхүү, хуулийн байгууллага, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөгжлийн агентлагийн төлөөлөл оролцож ХАА-н салбарт тохирсон санхүүгийн шийдэл, төслийн санхүүжилтийг хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.