Хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчид маргааш “РРTV” телевизийн байранд уулзалтаа хийх нь.
Тус театр 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ.
МУГЖ Б.Туяа театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаа аж.
Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох алдартай уран бүтээлчид тус театрд ажиллаж байсан бөгөөд Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар нар найруулагчаар ажиллаж байжээ.
Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлч тус театрт бүтээлээ туурвиж Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй.