Нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шинэ суурьшлын бүсэд (Эмээлт) үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм. Боловсруулсан хөтөлбөрийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг 2015 оны II улиралд багтаан хангахыг ажлын хэсэгт даалгажээ.