Тавантолгойд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэлэлцээр завсарлаад буй. Монгол Улс “Chalco”-гоос 350 сая ам.доллар зээлснээс 150 сая “ногоон”-ы өр үлдээд байгаа. Дээрх өрийг төлж дууссаны дараах 10 жилийн туршид Зүүн Цанхиас олборлох нүүрсний 60-80 хувийг зөвхөн “Chalco” компанид нийлүүлэх гэрээ байгуулсан нь саяхан “илэрсэн”. Тэгвэл Монгол Улсын сайд, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Үндсэндээ нэг асуудал үлдээд байгаа. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэх нь зөвхөн биднээс биш, Хятадын талаас хамаарна” гэж өнгөрсөн долоо хоногт “Bloomberg”-т ярьжээ. Мөн тэрбээр “Chalco” болон “Shenhua” компанийнхан асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа. Шаардлагатай бол Засгийн газрын төлөөллүүд оролцох байх” гэжээ. Хэлэлцээр хэзээ эцэслэх нь тодорхой бус ч энэ сардаа үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа аж.
М.Энхсайхан “Хөрөнгө оруулагч консорциумтай төмөр зам барих асуудлаар бараг санал нэгдсэн. “Chalco”-д төлөх өрийг шийдсэний дараа дахин энэ тухай ярьж магадгүй” хэмээн өгүүлсэн байна.
Ц.Болормаа