Монгол цэргийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн 2003 онд Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдр үүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэхээр заасан. Харин 2011 оноос уг өдрийг “Монгол цэргийн өдөр” болгосон билээ. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баяр энэ сарын 18-нд тохионо.
Тэгвэл энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Тусгаар тогтнолын талбайд “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслолын ажиллагаа зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг нээж, тус дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Эр цэрэг, эх орон, тусгаар тогтнол гурав салшгүй амин холбоотой. Эх орон, тусгаар тогтнолгүйгээр олдох, орших эрх чөлөө гэж үгүй. Бидний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд оршдог.
Өвөг дээдсийнхээ, халуун эх орончдынхоо байгуулсан гавьяа, бүтээсэн бүхнийг хойч үеийн бид үүрд дурсан, алдаршуулж, өвлүүлэн уламжлуулж, үлдээх учиртай. Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрахад халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн үе үеийн эх орончид, эр цэргүүдээ бид мартах ёсгүй” гэв. Энэ үеэр ёслолын жагсаал болж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт хүчний анги, цэрэгжсэн байгууллагын албан хаагч болон Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч, ерөнхий боловсролын 12 сургуулийн сурагчид оролцлоо.
Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Түүнчлэн ёслолын үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг, спортын “Дөл” тэмцээнд байр эзэлсэн баг, сурагчдыг дүүргийн удирдлагууд шагнаж, 18 нас хүрсэн 18 сурагчид цэргийн үүрэгтний үнэмлэх өгөв. Тэрчлэн “Монгол цэргийн түүхэн уламжлал” нэртэй Монголын цэргийн түүхэн замнал болоод хэрэглэж ирсэн зэр зэвсгийн үзэсгэлэн дэлгэлээ.
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг- 2015” хөтөлбөрийн нээлт мөн энэ өдөр болсон юм. Тэгвэл өнөөд өр ОХУ-ын Элчин сайдын яаманд Монголын ахмад дайчдад шагнал гардуулах ёслол болно. ОХУ-ын Ерөнхийл өгч В.В.Путины зарлигаар Монголын 300 гаруй ахмадыг шагнахаар болсон билээ.
Э.ЭРДЭНЭ