Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогссон автомашиныг ачих журамд өөрчлөлт оруулахаар ярьж эхэлсэн. Замын хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболдоос үүнтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Машин ачигч хувийн компаниудын орлогоос татвар авах тухай хэлэлцэж байгаа гэсэн. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?
-Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, машин ачиж журамлах үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд шинэ журам батлахаар хуралдаж байна. Энэ журамд машин ачдаг хувийн компаниуд олсон орлогын тодорхой хувийг улсад өгөх тухай заалт нэмж оруулна. Түүнчлэн автомашиныг ачиж журамлахгүйгээр өөр төрлийн арга хэмжээ авах талаар ярьж байгаа.
-Иргэдээс санал авч байгаа юу. Сүүлийн үед машин ачигч компаниудтай холбоотой гомдол их гардаг болсон...
-Гомдол их ирдэг. Шинэ журам боловсруулахдаа тэдний саналыг танилцуулсан. Машин ачдаг компаниуд цагдаагийн байгууллагын хяналтаас гадуур ажилладаг гэж иргэд ойлгодог. Уг нь иргэдийн ойлгож байгаа шиг замбараагүй байдал үүсээгүй. Өдөрт хэдэн машин ачсан, хэд рүү нь мессэж явуулсан, хаана ямар зөрчил гаргасан зэрэг мэдээлэл манай цахим хаягт бүртгэлтэй байдаг. Цагдаагийн байгууллагаас автомашин зогсож болохгүй зам талбайн байршлыг нарийн тогтоож гаргадаг. Энэ шийдвэрийг зөрчсөн автомашиныг төрийн болон төрийн бус байгууллагын машинууд ачиж байгаа. Хариуцсан байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаг.
-Хувиараа машин ачигч компаниудад хаанаас зөвшөөрөл өгдөг вэ?
-2012 онд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний замыг чөлөөлөх захирамж гарч, дугаарын хязгаарлалттай болсон. Тэр үед ЗХУТ-өөс зөвшөөрөлтэй машин ачилтын 12 компани үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт хүрч ажиллаж чадахгүй учраас хувийн байгууллагатай гэрээгээр хамтран ажиллах болсон юм. Цагдаагийн ерөнхий газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэсгээс хувийн компаниудтай гэрээ хийж, зөвшөөрөл олгодог.
-Өдөрт ойролцоогоор хэдэн машин дүрэм зөрчиж, хэдийг нь ачдаг вэ. Хувийн компанийн өдрийн орлого хэдэн төгрөг байдаг юм бол?
-Иргэд хувиараа машин ачигч компаниудыг их хардах юм. Тэд нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг. Гэтэл нэг ачигч машинд 3-4 ажилчин явна. Тэдний цалин, машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцохоор энэ мөнгө дутах тохиолдол ч байдаг гэсэн.
-Зогсоолоо шийдээгүй байж ачиж, журамлахаа урьтал болголоо гэсэн гомдол байгаа шүү дээ?
-Шинээр батлах журамд зогсоолын асуудлыг нарийн тусгасан. Иргэд их үйлчлүүлдэг байгууллагуудыг зогсоолын асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцдог болмоор байна. Гэхдээ зогсоолоо бүрэн шийдсэн талбайтай газар бусдын машин хааж эсвэл албан байгууллагын хаалга таглаж машинаа зогсоодог жолооч нар бий. Түүнчлэн эмнэлгийн үүдэнд машинаа хамаагүй байрлуулж тавьдаг. Түргэний машин, яаралтай түргэн тусламж авахаар хувийн машинтай ирсэн өвчтнүүд эмнэлэг рүү орж чаддаггүй. Тэгэхээр эмнэлгийн ажилтнууд бидэнд шаардлага тавьж, гомдоллодог юм.
-Машин ачсан талаарх мэдээлэл эзэнд нь хүрэхдээ уддаг учраас хаанаас очиж авахаа мэдэхгүй цаг алддаг гэдэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Машины цонхон дээр утасны дугаар байгаа тохиолдолд эзэнд нь мессэж очно. Харин утасгүй байвал тухайн жолоочид мэдээлэл очих гэж уддаг. 18001200 гэдэг дугаар машин тавихыг хориглох тэмдэглэгээн дээр байгаа. Энэ дугаар руу залгаад асуувал хаанаас яагаад ачсан, хаана байгаа зэрэг бүх мэдээллийг өгнө.
-Дугуй түгжигчийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Замын хөдөлгөөний гол уулзваруудад нэвтрэхэд бэрхшээл учруулахгүйн тулд өнгөрсөн оны зургадугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг хэлэлцэн баталсан. Энэ журмаар замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжинэ. Энэ ажлыг ЗХУТ-ийн Ачиж, журамлах алба хэрэгжүүлдэг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дугуй түгжигчийг ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж 20,000 төгрөг байхаар зохицуулсан. Энэхүү төлбөрийн тодорхой хувь нь төрийн, үлдсэн нь компанийн дансанд ордог.
Э.НЯМДУЛАМ