Египетийн эрх баригчид шинэ нийслэлтэй болох төлөвлөгөөгөө танилцуулаад байна. Тус улсын шинэ нийслэл эртний түүхт Каир хотын зүүн захад 700-гаад ам км талбай эзлэн орших гэнэ. 45 тэрбум ам.доллараар босох шинэ нийслэл таван сая оршин суугчтай байх бөгөөд долоон жилийн дараа ашиглалтад орно. Ингэснээр Египет улс нийслэл хотоо нүүлгэн шилжүүлсэн орчин цагийн түүхэн дэх ес дэх улс болох юм. Дараах найман улс нийслэл хотоо нүүлгэсэн билээ.
Нигери
Тус улсын хамгийн том, хамгийн чинээлэг хот болох Лагос 1991 он хүртэл улсын нийслэл, засаг захиргааны төв байв. Одоо Абужа хот нийслэл болжээ. Энэ нь хэт төвлөрлийг сааруулах гэсэн шийдвэр байлаа.
Мьянмар
Тус улсын цэргийн эрхтэн дархтанууд нийслэл Рангунаас хойд зүгт 320-иод км-ийн зайд орших Нейпьидо хотыг 2005 онд улсын нийслэл болгожээ. Хотыг шинээр байгуулсан бөгөөд газар зүйн хувьд нутгийн төв хэсэгт оршдог тул зурхайн ухаан болоод стратегийн үүднээс Рангунаас илүү давуу талтай гэж эрх баригчид үзжээ.
Орос
Оросууд Москва, Санкт-Петербургийн аль алийг нийслэлээ гэж үзэж ирсэн. 1703 онд байгуулагдсан Санкт-Петербург хот 1712-1918 оны хооронд улсын нийслэл байсан бол түүнээс хойш Москва хот Орос орны зүрх нь байна.
Пакистан
1959 онд Пакистаны Засгийн газар нийслэл хотоо нутгийн өмнөд хэсэгт орших Карачигаас хойд хэсэгт орших Исламабад руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Шинэ нийслэл хотын гол барилга байгууламжууд 1961 онд ашиглалтад орсон байна.
Бразил
Тус улсын одоогийн нийслэл, нутгийн төв хэсэгт орших Бразилияг нийслэл хот болгохоор 1950-иад онд нарийн төлөвлөж байж байгуулсан түүхтэй. Тэр хүртэл Рио-де-Жанейро улсын нийслэл байв.
Казахстан
Астана бол хот төлөвлөлтийн дагуу, анхнаасаа нийслэл байхаар баригдсан, орчин цагийн цөөхөн хотын нэг. 1997 онд улсын нийслэл болсон. Хуучин нийслэл Алма-Ата нь өнөө ч тус улсын хамгийн том хот төдийгүй санхүү, эдийн засгийн гол төв хэвээр байна.
Танзани
Улсын нийслэлийг Дар-эс-Салаамаас Додома руу шилжүүлэх ажил 1980-аад онд эхэлжээ. 1907 онд байгуулагдсан, хагас сая оршин суугчтай Додома 1996 оноос албан ёсоор Танзанийн нийслэл гэгдэж байна.
Зааны ясан эрэг
Тус улсын хамгийн том хот, эдийн засгийн төв нь хуучин нийслэл Абиджан бол 1960-аад оноос нийслэл болохоор "бэлтгэгдэж", 1983 онд улсын нийслэл болсон Ямуссукро нь улсынхаа дөрөв дэх том хот юм.