Нийслэлийн ЖДҮДТ-өөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээг бий болгосоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Анх 2013 онд “Сургалт, мэдээллийн төв” төслийг санаачлан нийслэлийн төсвөөс 50 сая төгрөгийн санхүүжилт авснаар нэг цэгийн үйлчилгээг эхлүүлж байсан. 2015 онд нийслэлийн ЖДҮДТ-ийнхөн мэдэээллийн нэг цэгийн үйлчилгээ буюу Сургалт, мэдээлийн төвийнхөө үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар төлөвлөөд байгаа ажээ. Тухайлбал мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг Сургалт, мэдээлэл, судалгааны төв болгон өргөжүүлж, хэлбэр зохион байгуулалтын хувьд өөрчлөх юм байна.
Дунд хугацааны стратеги зорилтоо 2017, 2018 он гэхэд нийслэлийн ЖДҮДТ-ийнхөн Сургалт, мэдээлэл, судалгааны төвөөрөө дамжуулан консалтинг буюу мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх явдал гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл 2-3 жилийн дараа гэхэд тус төвийн мэргэжилтнүүд хариуцсан чиглэл чиглэлээрээ дагнаж мэргэших юм. Харин ойрын хугацааны зорилтоо Монголд шинээр нэвтэрч байгаа мэдээллийн кластерын үйлчилгээний үндэс суурийг тавих гэж тодорхойлжээ. Энэ бол ойрын хоёр жилд багтаж хийх ажил. Мэдээллийн кластерын үйлчилгээ гэдэг мэдээллийг цогц байдлаар нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх, үйлдвэрлэл эрхлэгчдээс авсан мэдээллээ боловсруулж мэдээллийн сандаа оруулах, улмаар энэ сангаар дамжуулан нэг талаас үйлдвэрлэл эрхлэгчид мэдээлэл авдаг нөгөө талаас эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах процесс юм.
Юутай ч нийслэлийн ЖДҮДТ-ийнхөн 2015 онд мэдээллийн нэгдсэн сангийн үйлчилгээнийхээ эхлэлийг тавихаар төлөвлөн ажилдаа оржээ. Сургалт, мэдээлэл, судалгааны төв, мэдээллийн нэгдсэн сангийн үйлчилгээнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэшсэн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа ажээ. Тиймээс нэг цэгийн мэдээллийн үйлчилгээний төв удахгүй нэгэн зэрэг олон чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө өгч эхлэх юм байна.