Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Дэлхийн гепатитын холбооны ерөнхийлөгч, Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Чарлз Гор, АНУ-ын вируст гепатиттай тэмцэх үндэсний зөвлөлийн дарга, Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Майкл Нинбург тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.06.22/ хүлээн авч уулзав. Ноён Чарлз Гор Байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Монгол Улс халдварт шар өвчний талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцахаар ирсэн тухайгаа дуулгасан юм. Байнгын хорооны дарга Д.Батцогт төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Байнгын хороо “Эрүүл элэг” хэлэлцүүлэг зохион байгуулж хорт хавдар болон, халдварт өвчний талаар олон талаас нь ярилцсан. Тус хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон нь үр дүнтэй болсон гэдгийг хэллээ. Мөн тэрээр энэ долоо хоногт “Элэгний хорт хавдартай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгааг дуулгаад элэгний хорт хавдар, халдварт шар өвчнийг тойроогүй гэр бүл маш цөөхөн байдаг. Тиймээс энэ асуудлыг төр засгийн зүгээс анхаарч, шийдэх чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа гэв. Түүнчлэн энэ чиглэлээр маш арвин туршлагтай та бүхэн үнэтэй зөвлөгөө өгч, манай улстай хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ. Уулзалтад Байнгын хорооны зөвлөх Ж.Чимгээ, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Я.Дагвадорж, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, Оном сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар нар байлцав.