УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд ажиллажээ. Тэрбээр дээрх сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Ханбогдын иргэд сумаа Эрдэнэт шиг хот болно, Цогтцэций сумынхан Багануур шиг хөгжинө гэж итгэдэг нь мэдрэгдсэн байна.
“Оюутолгой” компани хөрөнгө гаргаж Ханбогд суманд авто зам тавьжээ. “Тэр зам нь нохойны хэл шиг нарийнхан, машин зөрж болохгүй юм байна билээ” гэж О.Баасанхүү гишүүн ярив. Түүнд Ханбогд сумын иргэд “Оюутолгой” компани актлагдсан 30 комюьютерээ шинэ гэж худал хэлээд сургуульд хандивласан, Оюутолгойн ордоос Ханбогд сум хүртэлх 47 км авто замыг тавихгүй байна гэж гомдол мэдүүлжээ.
Тиймээс тэрбээр “Оюутолгой” компанийг орон нутагт нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд хангалтгүй ажиллаж байна” гэж дүгнэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын сайд М.Энхсайханыг эрх мэдлээ хэтрүүлсэн, эсэхийг шалгуулахаар болсноо дуулгалаа.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид аливаа гэрээ хийхгүй, тендер зарлахгүй байхыг үүрэгдсэн байна. Үүнээс шалтгаалаад тус компанийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас саатах болжээ.