Засаглалыг сайжруулах хөшүүрэг нь иргэдийн оролцоог хангах, ил тод байдлыг нэмэгдүүлэх явдал гэдэг. Тиймээс ч энэ оны эхний өдрөөс Шилэн дансны тухай хууль хэрэгжүүлж эхлээд буй. Өнгөрөгч сард тус хуулийн талаар хэлэлцэх үеэр эхний тодорхой үр дүн нь 3-5 жилийн дараа харагдана гэж байв. Тэр хүртэл тус хуулийг хэрэгжүүлэх арга зүйгээ бүрэн тодорхойлох, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь шинэчлэх зэрэг олон ажил хийх хэрэгтэй хэмээн хэрэгжүүлэгчид нь санал нэгдсэн. Юутай ч энэ бол сайн засаглал тийш том алхсан хэрэг. Шилэн дансны тухай хуулийг хэр хэрэгжүүлж байгаа, ямар үр дүн гарсныг нь шалгахад нийт байгууллагын 88 хувь нь таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээний мэдээллээ байршуулаагүй зэргээр нэлээд алдаа, дутагдал илэрсэн ч гэлээ чамлах юм биш ээ. Хардлага дагуулдаг санхүүгийн мэдээллүүд эхнээсээ ил болж байгаа нь л хамгийн чухал. Шүүмжилж, дэмжих мэдээлэлтэй байж гэмээнэ дараа дараагийн алхмаа зөв тодорхойлоход илүү хялбар байх болно.
Энэхүү нийтлэлийг бичихэд ч Шилэн дансны хуулиар ил болсон мэдээллүүд түлхэц болов. “Ийм байж болох уу” гэсэн асуулт тавихад хүргэв. Юуны түрүүнд УИХ-ын шилэн дансны системд нэвтэрлээ. Тус байгууллагын шийдвэр, төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, худалдан авалт, үнэт цаастай холбоотой олон төрлийн мэдээллийг эндээс харах боломжтой. Энэ удаа таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын мөнгөн гүйлгээнд анхаарал хандуулав. УИХ-д ихэвчлэн бизнесмэнүүд сонгогддог болсных ч тэр үү эрхэм гишүүд алхам тутамдаа ашиг сонирхлын зөрчил гээч зүйлд ороогдчих гээд байдаг болсон. Нэг иймэрхүү дүр зургийг ч эндээс харж болохоор байгаа юм. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний тойрогт ажиллах зардлаас “Хөвсгөлийн буухиа” сонин хэвлүүлэхээр “Интерпресс” ХХК-д 70 сая төгрөг шилжүүлжээ. “Интерпресс” бол утга түүний компани.

Тэрээр “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Д.Оджаргалтай “Интерпресс”-ийг хамтран байгуулан анд бололцож, бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Энэ компани бизнесмэн Л.Энх-Амгалан болон “Эм Си Эс” гэх “вант улс”-ын аль алиных нь амжилтын гараа байсан. Өнөөдөр ч хэвлэлийн салбартаа томоохонд тооцогдох тус компани гишүүн Л.Энх-Амгаланд хамаатай хэвээр буй. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг. Тэртэй тэргүй гишүүнийхээ хувиар элдэв материал хэвлэж тараах шаардлага байсаар байгаа хойно өөрийнхөө компаниар хийлгэчихэд буруу нь ч юу байх вэ. Гэвч нөгөө талд нь төсвийн мөнгөөр бизнесээ дэмжээд байгаа мэт харагдахгүй байна гэж үү. Журмын нөхөр Д.Хаянхярваа гишүүний төсвөөс ч 90 сая төгрөг тус компанийн дансанд орчихож. Эндээс намаараа дамжуулан нэгнийхээ бизнесийг дэмжиж байна гэж харах нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр ийм байж болох уу. Дашрамд дурдахад, УИХ-ын нэг гишүүнд хууль боловсруулахтай холбоотой зардал болон цалин, унаа, утас, албан томилолт, мэдээлэл сурталчилгаа, ном хэвлэл, туслахын цалин гэхчилэн нийт 100 орчим сая төгрөг төсөвлөдөг.

Түрүү жилээс тойргоос сонгогдсон гишүүдийн жилийн зардлыг 90 сая төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Зарим гишүүний судалгаа хийлгэх, хууль сурталчлах, сурталчилгааны материал хэвлүүлэх зардал шилжүүлсэн компани эрхгүй анхаарал татаж байна. Тодруулбал, Б.Гарамгайбаатар гишүүн тойрогт ажиллах зардлаас Хэнтий аймгийн эдийн засгийн судалгаа хийлгэхэд зориулж “Буухиа-Өртөө” ХХК-д 37 сая төгрөг шилжүүлжээ. Тээврийн үйлчилгээний компанид нэгэн аймгийн эдийн засгийн судалгааг даатгаж. Мөн С.Бямбацогт сМөн зарим гишүүн хуулийн төсөл боловсруулах, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах зардлыг туслахынхаа нэр дээр шилжүүлж иржээ. Д.Арвин гишүүний төсвөөс дөрвөн сарын хугацаанд таван удаа нийт 75 сая 205 мянган төгрөг туслахынх нь нэр дээр ирүүлснийг харж болохоор байгаа юм. Үүнээс гадна Б.Чойжилсүрэн, Л.Болд нарын төсвөөс холбогдох зардлыг туслах руу нь шилжүүлсэн баримт энд байна. Түүнчлэн цөөнгүй гишүүний төсвөөс 43 сая хүртэлх төгрөгийг хувь хүн рүү гишүүний тойрогт ажиллах зардлаас хэвлэлтийн зардал нэрээр 10 сая 250 мянган төгрөгийг “Женералтеч” ХХК хүлээн авсан байгаа юм.

Тус компани автоматжуулалт, системийн интеграц, хяналтын камер, дохиоллын систем зэрэг харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт, шилэн кабель, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ эрхэлдэг аж. Түүнчлэн З.Баянсэлэнгэ гишүүнээс хууль сурталчлах гэрээний төлбөрт 5.5 сая төгрөгийг “Голден мартин” ХХК-д илгээсэн байна. Энэхүү компани нь цахилгаан тэжээлийн төхөөрөмж ханган нийлүүлж, угсарч, суулгадаг юм байна. Ийм байж болох уу. шилжүүлжээ. Тэд эрхэм гишүүдийн зөвлөх, итгэлт анд, хамтрагчийн алин болохыг бүү мэд. Гагцхүү үүгээр гишүүд туслах, зөвлөх, аль нэг хувь хүнд төсвийн мөнгийг тараагаад өгчихдөг гэж хэлж, ойлгуулахыг хүссэнгүй. Гишүүний туслах ч гэсэн хүн. Багагүй хэмжээний мөнгийг ингэж хувь хүнд шилжүүлдэг байж болох уу гэж асууж, хэлэлцүүлэхийг хүслээ. Наад захын компанид мөрддөг санхүүгийн сахилга бат төрийн эрх барих дээд байгууллагад ноёрхдог гэдэгт найдаж байна.
Б.НОМИН