АН МАН-тай үргэлжлүүлэн хамтрах, эсэхээ хөндөв УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд хийн хоолой, төмөр зам, авто замыг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх талаар хамтран ажиллах боломж байгаа, эсэхийг сонирхоход тэдний талаас дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ. Мөн “Эрдэнэт” компанийн Оросын талын хувь нийлүүлэгч “Орос технологи”-ийн талаар шийдвэр гаргаж өгөхийг ОХУ-ын тал хүссэнийг ёсоор болгохоо амласан байна.
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төслийн тухайд намын бүлгүүд зарим асуудал дээр санал нийлэхгүй байгаа. Тогтоолын төслийн 4.2-ын заалтыг хасах шийдвэрт АН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ. Тодруулбал, нийгэм болон боловсролын салбарын менежментийн хувьчлалыг тогтоолын төслөөс хасахаар болсон байна. Бүлгийн хурлаар МАН-тай Засгийн газарт хамтархад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний талаар гишүүд санал бодлоо солилцоод, Намын дарга нь орон нутагт ажиллаж байгаа учир дараа хэлэлцэхээр хойшлуулжээ.
Энэ үеэр бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Уг асуудлыг зайлшгүй ярих цаг болсон гэж бүлгийн дийлэнх гишүүн нь үзэж байна. МАН Засгийн газарт хамтарч орсноосоо хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь харахад зөвшилцлийн гэрээнд туссан асуудлаас зөвхөн албан тушаалын хуваарилалтад бүрэн биелүүлсэн. Бусад асуудал дээр зөвшилцлийн шатанд, зарим нь зөвшилцөлд туссан асуудлаас эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэж эцсийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн” гэв. Тэгвэл бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь зөв үү гэхэд 1000 оролцогчийн 63 хувь нь хамтрах шаардлагагүй гэж үзсэн.
Түүнчлэн орон нутгийн байгууллагууд хамтарсан явдалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид 73-уул нийлээд том бүлэг байгуулсан хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслүүдийн хэд нь УИХ-ын босгыг давж, хэд нь унаж байна гэдгээс хэрхэн хамтарч ажиллаж байгааг харж болно” гэлээ.