Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар эхлээд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм. Уг тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд нэг дэх хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хавсралтаар батлах, хоёр дахь хэсэг ньТөрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газартдаалгасан агуулгатай аж. Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг байна. Улсын хэмжээнд 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй байв. Харин 2014 оны байдлаар салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд 518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон. 2003 онд батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусчбайгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх энэхүү бодлогыг боловсруулсныг сайд танилцуулгадаа онцлов. Түүнчлэн хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан 2016-2025 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжихээр төлөвлөжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг дүн гарна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүн Б.Гарамгайбаатар, О.Баасанхүү, С.Оюун, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Г.Баярсайхан, Х.Баттулга нар саналаа хэлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд нэгэнт бодлогын баримт бичгийн хэрэгжилт дууссантай холбогдуулж улс орны хөгжлийн цаашдын чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ бодлого боловсруулж оруулж ирснийг дэмжиж буйгаа илэрхийлээд энэ асуудлыг бодлогын бусад баримт бичгүүдтэй уялдуулан нухацтай авч үзэх шаардлагатайг хэлсэн юм. Харин бодлогын баримт бичгийн үзэл баримтлалд тусгасан Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тухай асуудлыг тусад нь авч үзэх нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байв. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.