Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
Үүний дараа Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгөөр хөрөнгийг дахин үнэлж хувьчлах гэсэн хэсгийг хасах саналыг оруулж ирсэн бөгөөд энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай байгаа хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлэн төрийн эзэмшил 34 хувь байх хэмжээнд хувьчлах гэсэн хэсгийг хасах, тогтоолын төслийн хавсралтын “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мэдээлэл харилцааны үндсэн суурь сүлжээний үйлчилгээ эрхлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийг цаашид энэ чиглэлээр нь дагнасан үйлчилгээ эрхлэх зарчмыг хадгалан дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах гэсэн хэсгийг хасах гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй юм. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.