Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулах хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай байлаа. Хэлэлцэж буй асуудлын талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2013 оны 10 дугаар сард болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр дэвшүүлсэн санал бөгөөд Хятадын тал уг банкийг байгуулснаар Ази бүсийн улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой хэмээн үзсэн юм байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг эцэслэсэн ба 2014 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүд гарын үсэг зурснаар олон улсын ажлын хэсгийг томилж, банк байгуулах гэрээний ажилд орсон аж. 2015 оны эцэс гэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа эхлүүлнэ хэмээн төлөвлөөд байгаа хэмээн сайд танилцуулсан юм.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.