Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай тогтоолын төслийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлуулсан юм.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/ соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв. "Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилт нь Төв банкнаас зохицуулж, хянадаг, хэрэглэгчдийн бүх давхрагад тохирсон, өрсөлдөхүйц, харилцан нягт уялдаа холбоотой, өндөр нууцлал бүхий төлбөрийн систем бий болгох явдал юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр улс үндэстнийг бүхэлд нь хамарсан төлбөрийн цогц үйлчилгээ бүхий найдвартай төлбөрийн системтэй болж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүйд өсөн нэмэгдэх төлбөр тооцооны системийн найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Зээлийн нөхцөл нь 20 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.4% шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15%-ийг нэмсэнтэй тэнцүү байна. Монголбанк нь Засгийн газартай “Зээлийн эргэн төлөлтийн гэрээ” байгуулж, зээлийн хариуцагч нь Монголбанк байх аж.
Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.