Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар гишүүдэд товч танилцуулсны дараа хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, дээрх хуулийн төслүүдийг батлах нь маш чухал болохыг онцлоод иргэдийн хөдлөх болон эдийн бус хөрөнгийг барьцаалах явдал хавтгайрч, Хадгаламж зээлийн хоршоодод тохиолдсон шиг явдал болох вий хэмээн санаа зовж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр иргэдийн хөрөнгийн баталгаа тал дээр хэр анхаарч байгаа вэ хэмээн лавласан. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан, энэ төсөл Засгийн газарт нэлээд хэдэн жил, сүүлийн жил гаруй УИХ-аар яригдаж байна. УИХ-ын ажлын хэсэг багагүй судалгааг хийсэн. Олон оронд ийм хууль хэрэгжиж, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн хууль юм хэмээн хариулсан юм. Үүний дараа Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.