“Дашчойлин” хийдийн хажууханд байрлах хуучин цирк 22.00 цагийн үед шатлаа. Галын шалтгаан тухайн үед тодорхой бус байсан агаад дээврээс нь гал эхэлж гарсан бололтой байв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиуд хүч нэмэгдүүлэн ажиллаж, эргэн тойронд нь тавьсан машинуудыг хурдан холдуулахыг эздээс нь шаардан, циркийн гурван талд устай машинаа зогсоон, гал унтрааж байлаа. Барилга нь хуучирч муудсан тул нурах аюултай хэмээн эргэн тойронд нь цугласан хүмүүс ярилцаж байв. Энд бэлтгэл хийдэг зарим жүжигчин хэдийнэ ирчихсэн “Бидэнд үлдсэн ганц цирк маань байхгүй болчихлоо. Одоо яана аа” хэмээн халаглан, зарим нь уйлж байсан юм.