Үртэй хүн жаргалтай. Үртэй хүний сэтгэл шиг элбэг баян зүйл хорвоод ховор биз. Өөрийнхөө үргэлжлэл болгон нартад үр үндсээ үлдээнэ гэдэг хүмүүний амьдралын хамгийн гол утга учир. Үрийн зулай үнэрлэж чадахгүй яваа олон мянган аав, ээж үүнийг л яс махандаа тултал мэдэрдэг гэх юм билээ. Хүүхдийн мөрөөсөл болсон гэр бүлүүд үр шилжүүлэн суулгуулахаар харь орныг зорих нь элбэг. Тэгвэл тэр олон хүний хүсэл мөрөөдлийг эх орондоо биелүүлэх бас нэгэн боломж нээгдэв. Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган гэргий Х.Азжаргалтайгаа хамт “Өөжин мед” хэмээх үр шилжүүлэн суулгах төв байгуулснаа өчигдөр нээсэн юм.
“Өөжин” гээд сонсоход л хүний сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ итгэл найдвар, урам зориг хайрлах энэ өхөөрдөм нэрийг хосууд удаан бодож байж өгсөн гэнэ. Тус төв нь үр шилжүүлэх суулгах арга технологи, техникийн дэвшил, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, гарсан үр дүнгээрээ дэлхийд толгой цохидог Японы “Kato Ladies clinic” эмнэлгийн салбар аж. Олон улсын олимпийн өдрөөр элэг нэгт монголчууддаа сайхан мэдээ дуулгаж буй хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган яагаад ийм төв нээхээр болсон тухайгаа ийн тайлбарлав. “Энэ төв бол миний болоод намайг дэмждэг бүх хүний зургаан жилийн турш бодож, төлөвлөж хийсэн зүйл. Анх 2008 онд олимпийн аварга болчихоод ирэхдээ “Би эх орондоо хэрэгтэй юу хийх вэ” гэж нэлээд бодсон.
Гэтэл 2009 онд Асашёорюү Д.Дагвадорж аварга намайг Японд урьж, Като гуайтай уулзуулсан юм. Като гуай спортод тун сонирхолтой, тэр дундаа боксынхноос миний жингийн тоглолтыг их үздэг хүн байсан. Тийнхүү бид ажил хэргийн тохиролцоо хийж чадсан. Эмнэлгийнх нь салбарыг Монголдоо нээх санаа тэр үед орж ирсэн. Үүнийг минь АШУҮИС-ийн удирдлагууд дэмжиж, сургуулийнхаа бааз суурин дээр түшиглэн, үр шилжүүлэн суулгах төв байгуулахыг санал болгосон юм. Ингэснээр “Өөжин мед” төв маань тус сургуулийн дэргэдэх анхны гарааны компани болж байгаа. Гарааны компани учраас татварын хөнгөлөлт эдлэхээс эхлээд олон давуу талтай” хэмээн олимпийн аварга маань ярилаа.
“Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг үгтэй. 2008 оны олимпод өрсөлдөгчдөө илт давуугаар буулган авч, Монголын төрийн далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсан Э.Бадар-Ууган, нэгэн үе Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд мандан бадарч явсан Асашёорюү Д.Дагвадорж хоёрын нэр, нүүрээр Като ноёнтон монголчуудад бараг л байдгаа барьжээ. “Өөжин мед” төвд тэрбээр цөөнгүй техник, тоног төхөөрөмж бэлэглэсний дээр монгол эмч, мэргэжилтнүүдийг гурван жилийн турш өөрийнхөө эмнэлэг дээр сургаж дадлагажуулсан байна. Түүнчлэн байгалийн буюу жам ёсны жирэмслэлттэй хамгийн ойролцоо аргаар үр шилжүүлэн суулгадаг нарийн технологио ч харамгүй зааж өгчээ.
“Өөжин мед” төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Э.Одхүүгээс тэр технологийнх нь талаар тодруулахад “Манай төв Японы “Kato Ladies cliniс” эмнэлгийн олон жилийн турш боловсруулж, амьдралд нэвтрүүлсэн өөрсдийнх нь технологийг ашиглаж байгаа. Өндгөн эс ялгаж авах манай арга технологи өнөөдөр дэлхийд мөрдөж буй стандартаас өөр. Өндгөн эс гаргаж авахын тулд өндөр тунтай дааврын эмчилгээ хэрэглэлгүй, байгалийн мөчлөгтэй нь уялдуулдаг. Тийм эс амьдрах чадвар сайтай учраас үр тогтох боломж нь илүү байдаг” хэмээв.
Тус төвийн албан ёсны нээлт өчигдөр болсон ч үйл ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Тухайлбал, тэд хориод хоногийн өмнө нэгэн монгол гэр бүлд аз жаргал бэлэглэсэн аж. Тэд урьд нь Солонгост очиж үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн ч амжилтгүй болж, сэтгэлээр унаад байжээ. Үрийн зулай үнэрлэж чадахгүй яваа иймэрхүү гэр бүл манайд 7000 орчим байдаг. Монголын төдийгүй Хятад, Орос, Казахстан зэрэг орноос “Өөжин мед” төвийг зорин ирэх үйлчлүүлэгсэд байгаа гэдгийг ч хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган хэлсэн. Учир нь Японы “Kato Ladies clinic” эмнэлэгт олон орны хүмүүс очиж үйлчлүүлдэг тул дараалал их байдаг аж. Харин одоо тэр олон хүний цөөн хэсэг нь ч болов Монголыг зорьж ирцгээнэ гэхээр манай улсын эдийн засагт ч үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Тэгээд ч Монгол дахь салбар нь Японыхоос харьцангуй хямд буюу 6-9 сая төгрөгөөр үр шилжүүлэн суулгах юм. “Өөжин мед” төв жилд 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.
Л.ГАНЧИМЭГ