Гурван жилийн өмнөөс Салхит орчмын Сэлбэ голын хогийг цэвэрлэж эхэлсэн, нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч, байгаль экологийн сайн үйлсийн эзэн, “Эко жаал” З.Буянхишигтэй ярилцлаа.
-Чамайг “Эко жаал” нэрээр чинь хүмүүс таньдаг байх. Энэ нэрийг анх яаж авсан бэ, ямар учиртай нэр вэ?
-Дөрөвдүгээр ангиасаа би анх Сэлбэ голыг цэвэрлэж эхэлсэн. Гурван жил болж байна. Цэвэрлэж эхлээд удаагүй байх үед нэг ах хүүхэдтэйгээ өдөр болгон Сэлбэ гол дээр ирдэг байсан юм. Тэгээд миний зургийг авч, олон нийтийн сүлжээгээр цацаад хүмүүс мэддэг болсон байх.
-Өөрийн чинь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсныг хэзээнээс мэдсэн бэ?
-Аравдугаар сард байх. Тэгээд арваннэгдүгээр сараас янз бүрийн байгууллагуудаас намайг дуудан уулзаж эхэлсэн.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Манайх наймуулаа. Аав, ээж хоёр барилгын дотоод засал чимэглэлийн бригадтай. Би хоёр эгч, нэг ах, хоёр дүүтэй. Ах эгч нар маань одоогоор Эрдэнэтэд байгаа. Хоёр дүү маань 150 дугаар цэцэрлэгт явдаг.
-Танайх угаасаа эндхийн айл уу?
-Баянхошуунаас нүүж ирсэн. Энд нийслэлийн 117 дугаар сургууль 2009 онд байгуулагдсан юм. Нэгдүгээр ангидаа Баянхошуунд сурдаг байсан. Энд анх ирэхэд их хогтой байсан болохоор аав маань цэвэрлэдэг байсан. Тэгээд гурван жилийн өмнөөс би хамт цэвэрлэлцэж эхэлсэн. Аав ажилтай учраас би ганцаараа цэвэрлэдэг болсон.
-Аав чинь Сэлбэ голыг хэр удаан цэвэрлэсэн бэ?
-Ойролцоогоор нэг жил орчим байх. 2007 оны үед Сэлбийг долоо хоногтоо нэг удаа аав цэвэрлэдэг байсан бол 2009 онд сургууль байгуулагдсанаас хойш нэг хоноод л нэлийсэн их хогтой болдог болсон.
-Чамд хамгийн их үлгэр дуурайл үзүүлж байсан хүн хэн бэ?
-Эмээ өвөө, аав ээж минь л юм даа. Хэрвээ намайг бага байхад тэд маань “Байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж, хогийг нь цэвэрлэх хэрэгтэй” гэж хэлдэггүй байсан бол би Сэлбэ голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдийн адил гадаа тоглоод л гүйх байсан.
-Гэр бүлийнхэн, найз нөхөд чинь хамт цэвэрлэлцдэг үү?
-Гэр бүлийнхэн завтай үедээ цэвэрлэлцдэг. Миний дотно найз, манай ангийн Энхтүвшин хамт цэвэрлэлцээд нэг жил болж байна. Хичээл амраагүй байхад 13.00 цагийн үед манайд ирээд хог цэвэрлэхээр хамт гардаг байсан. Одоо бол завтай үедээ цэвэрлэж байгаа.

-Өдөр болгон цэвэрлэдэг үү?
-Өдөр болгон цэвэрлэдэг байсан. Гол ширгээд, өнгө нь ногоороод ирэхээр жаахан урам хугарч байна.
-Хэр их хог гардаг вэ?
-Аавтай хамт цэвэрлэдэг байхад долоогоос найман шуудай хог гардаг байсан. Харин одоо гурваас дөрвөн шуудай хог түүдэг.
-Чамайг Сэлбэ голыг цэвэрлэдэг болсноос хойш хүмүүс хог хаях нь багасаж байна уу?
-Харьцангуй багассан. Гэхдээ айлууд хашаандаа хогоо ил задгай байлгадаг. Үүнээс болоод тэр нь салхитай үед хашаагаа давж хийсээд голын эрэгт очдог. Эрэг дээрх хог гол руу ордог болохоор зөвхөн гол доторх гэлтгүй голын эрэг, ойр орчмыг бас цэвэрлэдэг.
-Хогоо хогийн машинд ачуулдаг гэж байсан. Гэрлүүгээ яаж авчирдаг юм бэ?
-Тэргээр зөөж авчирдаг. Хогийн машин 14 хоноод ирдэг байсан. Харин сүүлийн үед ирэлгүй бараг сар боллоо. Манайх нохойтой, байнга уяхаар гийнаад болдоггүй юм. Уяаг нь тайлчихаар шуудайтай хогийг юу ч үгүй тараагаад, хашаагаар дүүрэн хог болгочихдог.
-Ангийнхан чинь чамайг Сэлбэ гол цэвэрлэдэг гэдгийг хэзээнээс мэддэг болсон бэ?
-Анхнаас нь л мэднэ. Хүүхдүүд шилжиж яваад зарим нь шинээр ирсэн болохоор дийлэнх нь саяхнаас мэдсэн байх. Мэдээд таатайгаар хүлээж авсан. Гадуур зугаалгаар явахаараа хог байвал “Шуудай олоод цэвэрлэх үү” гэдэг.
-Харин хүмүүс яаж хүлээж авсан бэ?
-Энэ хавийн настай хүмүүс дуртай байсан. Ач, зээ нараа салхилуулахдаа өдөр болгон надтай таардаг болохоор сайн мэддэг болсон. Тэд магтаалын үг их хэлдэг.
-Хог цэвэрлэж байгааг чинь хараад хүмүүс тусалдаг уу?
-Янз бүр л байдаг. Зарим нь шуудайтай хогоо дийлэхгүй байвал өргөж өгч тусалдаг. Нойтон хог их хүнд л дээ.
-Байгальд ээлтэй, сайн үйлс хийсэн гээд олон шагнал авсан гэж дуулсан. Яг ямар ямар шагнал авч байв?
-Бүх шагналаа 2014 онд авсан. Нийслэлийн 117 дугаар сургуулийн шилдэг сурагч, Монголын хүүхдийн ордны “Гэрэлт цох” цом, “Сайн үйлсийн эзэн”, “Онцлох монгол хүүхэд”, МҮХАҮТ-ын “Эко элч”, “Байгальд ээлтэй иргэн” зэрэг шагнал авсан. БОНХАЖЯ, “Сэлбэ констракшн”, “Уянга сан” зэрэг байгууллага дэмжлэг үзүүлэхээр болсон.
-600 гаруй мод тарьсан гэсэн. Мод тарихдаа хэн нэгнээс заавар зөвлөмж авсан уу?
-БОНХАЖ-ын сайдын туслах, 30 гаруй жил мод тарьсан ах ирж зааварчилгаа өгөөд явсан. Хойд айлын эмээ, манай найз Энхтүвшин, гэр бүлийнхэнтэйгээ хамтарч мод тарьсан. Одоо нахиалаад эхэлчихсэн байгаа. Гэвч нэг танихгүй хүн суулгасан модноос нэгийг нь зулгааж байсныг хойд айлын хүн харсан байна лээ. Бодвол гэрлүүгээ авч явах гэж байсан байх. Ийм болчимгүй зүйл хийж байгаа нь харамсалтай л юм.
-Чи бас санаачилгаараа модон гүүр тавиулсан гэл үү?
-Тийм ээ. Тавдугаар сарын дундуур тавиулсан. “Хужирт ус” компаниас дуудаж уулзаад, ямар туслалцаа хэрэгтэй байна вэ гэхээр нь “Гүүр тавиулъя” гэж хэлсэн. Энэ хавиар зундаа гол үерлэхээр явах аргагүй болчихдог.
-Хэрвээ чи Байгаль орчны сайд байсан бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
-Хамгийн түрүүнд Монголын томоохон голуудаар явж, нөхцөл байдалтай нь танилцаад, цэвэрлэх, хамгаалах ажилд хүүхдүүдийг уриална. Мөн хөдөө орон нутгаар явж, гол цэвэрлэдэг хүмүүстэй уулзана.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Цагдаа болно. Хүмүүсийг цагдаа хамгаалж, хяналт, шаардлага тавьж чаддаг шүү дээ. Тийм болохоор гол усаа хайрлан хамгаалах тал дээр санал, зөвлөмж өгөх бодолтой байна.
-Чи юу сонирхдог вэ?
-Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож, ном унших сонирхолтой.
-“Эко жаалууд” клуб байгуулах гэж байгаа гэсэн. Хэзээнээс ийм санаа төрсөн бэ?
-Оны онцлох хүүхэд болсныхоо дараа ийм клуб байгуулъя гэж бодсон. Долдугаар сар өнгөрөөгөөд хүүхдүүдийн төлөөлөл болгоод таван гишүүнтэй “Эко жаалууд” клубээ байгуулах төлөвлөгөөтэй байна. Үргэлж ганцаараа цэвэрлээд байхаар ямар ч нэмэргүй байх шиг санагдаад. Цаашлаад арав, хорь гэх мэтчлэн гишүүдээ олон болгон, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Гол ус, байгаль орчныг хамгаалдаг клуб байгуулаад хүүхдүүдийг уриалах маягаар үйл ажиллагаа явуулъя гэж зорьж байгаа. Хэсэг хэсгээрээ гэрийнхээ ойр орчмыг хариуцаж аваад анхаарал хяналт тавибал илүү дээр байх. Хүмүүс Шаргаморьтод зусланд гарч байна гээд уулан дээр бие засах газар барьчихдаг. Ингэж байхын оронд гэрийнхээ хашаанд эсвэл голын эрэг дагуу мод ургамал тарих хэрэгтэй. Тэр нь гэрийнх нь ойр орчимд цэвэр агаар бэлэглэнэ шүү дээ.
-“Эко жаалууд” клуб ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Голын хогийг цэвэрлээд өмнө нь ямар байсан, дараа нь ямар сайхан болж вэ гэсэн өөрчлөлтийг бусдад харуулж, урам зориг, санаа сэдэл өгөх төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдийг байгаль орчноо хайрлан хамгаалах арга ухаанд суралцуулах, хог харагдвал бусдын гар харалгүйгээр өөрөө санаачилгаараа цэвэрлэдэг болгох зорилготой. Заавал томчуудыг харалгүйгээр хүүхдүүд бид бусдадаа шаардлага тавьж ойлгуулж, ухааруулж сурмаар байна. Аав, ээж нь үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлдэг шиг үр хүүхдүүд нь аав ээж, ах эгч, найз нөхдөдөө үлгэрлэж яагаад болохгүй гэж. Бас аав ээжээ ажлаасаа ядарч ирэхэд нь унадаг дугуйгаа эвдчихсэн, эсвэл утсаа алга болгочихлоо гэх мэт янз бүрийн шалтаг тоочиж угтах биш, “Би өнөөдөр ингэж хог цэвэрлэлээ. Тэр хүүхдэд тэгж үлгэр дуурайл үзүүллээ. Байгаль орчиндоо ээлтэй зүйл хийлээ” гэвэл эцэг эх нь баярлах нь мэдээж.
-Гол цэвэрлэж байх үед чинь хүмүүс хог хаясан тохиолдол бий юү?
-Хүмүүс яг цэвэрлэж байхад гэр бүлээрээ ирчихээд усанд сэлээд, голын эрэг дээр тухлаад сууж байдаг. Тэгээд хогоо хаячихаад л яваад өгдөг. Машинтай мөртлөө хогоо авч яваад гэрийнхээ хогийн бункерт хийчихгүй, ухамсаргүй. Хаясан хогийг нь нохой ухна, архиных нь лонхыг хүүхдүүд тоглож байгаад гол дотор хагалдаг. Зарим үед би өдөр болгон цэвэрлээд байж чадахгүй ш дээ. Өөрийн санаачилгаар завтай үедээ цэвэрлэдэг. Ганц нэг өдөр цэвэрлэхгүй өнжихөөр зарим хүн “Цэвэрлээч” гэж хэлж байгаа нь эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Намайг ингэж шаардаж шахаж байхаар өөрсдөө ганц өдөр ч болтугай голынхоо хогийг цэвэрлэчихэж яагаад болохгүй гэж.
-Хариуд нь ямар нэгэн зүйл хэлдэг үү?
-Барагтай бол дуугардаггүй. Сонсоогүй юм шиг л өнгөрдөг. Сүүлийн үед чихэвчээ зүүгээд явдаг болсон. Тэр нь ч дээр байх. Би яг гурван километр газрыг л цэвэрлэдэг. Бүр Долоон буудалд явж байхад хүртэл хүмүүс тэгж хэлж байсан удаа бий. Долоон буудлын тийшээ явж цэвэрлэе гэхээр хүч хүрдэггүй. Зарим ах нар “Манай тэнд заваан байна, очиж цэвэрлэ” гэдэг. Өмнөөс нь ичмээр ч санагдах шиг.
-Гурван жилийн турш Сэлбэ голыг цэвэрлээд үр дүн гарсан гэж боддог уу?
-Хүмүүсийн хаясан хогийг ганцаараа шахам цэвэрлээд байхаар нэмэргүй юм байна гэж бодогдох болсон. Өөрсдөө цэвэрлэхгүй байж намайг ингэж шахаж хавчаад байхаар шантраад ч байх шиг.
-Сэлбэ голыг цэвэрлэж байсан Буянхишиг охины талаар мэдэх үү?
-Манай ангийн хүүхдийн дүү нь. Уг нь “Эко жаал” гэдэг нэр, энэ шагналуудыг тэр охинд өгсөн бол дээр байх байсан. Би арванхоёрдугаар анги төгстөлөө Салхитад байх учраас Сэлбэ голын хогийг цэвэрлэсээр байх болно. Тэр охин хичээлийнхээ даалгаврын дагуу голын дагуу хог цэвэрлэсэн юм байна лээ. “Эко жаал” гэдэг нэрийг авснаар урам авч, цаашдаа ч илүү их санаачилгатай болох байсан байх. Уулзаж, хамтарч ажиллах санал тавих бодолтой байгаа.
Г.АРИУНХЭРЛЭН