УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилж буй Бүгд найрамдах Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга, ноён Фриц Нойгебауэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гаригт хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Монгол Улс, Австри улс хоорондын хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтайг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Парламент чухал үүрэгтэйг онцоллоо.
Түүнчлэн энэ удаагийн айлчлал цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа дурдаад манай хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны харилцаа улам өргөжиж байгааг онцлон тэмдэглэв. Д.Дэмбэрэл дарга манай хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дурдаж, УИХ-д Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулан ажиллаж байгаа гэв.
Бүгд найрамдах Австри улсын Үндэсний зөвлөлийн дэд дарга Фриц Нойгебауэр Монгол Улс бол олон улсын хамтын ажиллагааны найдвартай түнш орон болохыг онцлон тэмдэглээд УИХын дарга цаг зав гарган хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны төлөөлөгчид харилцан ойр ойрхон зочилж байгаа энэ үед зөвхөн Засгийн газар төдийгүй парламент хоорондын харилцаа улам өргөжих нь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэв.
Түүнчлэн Монгол Улс Европын Холбооны улстай эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Австри улс дэмжихээ илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон бөгөөд энэ оны есдүгээр сарын 2-3-нд Авлигын эсрэг академи байгуулах олон улсын өндөр хэмжээний хуралд Монгол Улс оролцоно хэмээн найдаж байгаагаа Фриц Нойгебауэр илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг тус улсад ойрын хугацаанд айлчилна уу хэмээн урилаа.
УИХ-ын дарга өөрийн оронд айлчлахыг урьсанд нь талархал илэрхийлээд эрхэм зочдод Монгол оронд тавтай зочлохыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.