Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг ТОСК дээр энэ сарын 21-нээс эхлэн 31-нийг дуустал бүртгэсэн. Ингэхдээ байранд орох хүсэлтэй, ахмад настнуудыг энэ сарын 21-22-нд, 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23-24-ний өдрүүдэд, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албан хаагч, байгалийн гамшиг гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрхийг 25-28-ний өдөр, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эхийг энэ сарын 30-ний өдөр дууссан байна.
Нийслэлийн иргэд “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд метр квадратын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтжээ.
Тус 350 байранд бүртгүүлж буй иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах юм байна. Бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа зохион байгуулах товыг олон нийтэд зарлах гэнэ.
Энэ сургаар иргэд ТОСК-ийн үүдэнд дугаарлаж, зарим нь шөнө машиндаа сахиж хоносон байна. Харин зарим иргэд үүрийн 05.00 цагт ТОСК-ийн үүдэнд ирж, дугаарлажээ.
Өглөөний 08.30 цагт ТОСК-ийн ажил эхэлж иргэдийг дарааллын дагуу 10, 10-аар нь оруулж, бүртгэж эхэлжээ. Ийнхүү бүртгүүлэхээр орсон иргэдийн ихэнх нь бүрдүүлэх бичиг баримт дутуу, эргэж буцаж арын иргэддээ хүлээлт үүсгэх тохиолдол их байна гэж ТОСК-аас мэдээлж байсан. Гэвч энэ нь иргэдийн буруу биш, мэдээллээ дутуу түгээсэн ТОСК-ийн буруу хэмээн хэлэх иргэд ч цөөнгүй байсан юм. Тэдний нэг нь нийтдээ дөрвөн удаа очсон ч бүртгүүлж чадалгүй үүднээс нь буцсан байна. Тухайлбал, бүрдүүлэх бичиг баримт дээрээ иргэний үнэмлэхээ нотариатаар батлуулж авчир гээгүй мөртөө бүртгүүлэхээр орсон иргэдээс нэхэж байсан тохиолдол бишгүй гарсан аж. Энэ талаар манайд хандсан иргэн Д.Мөнхтүвшин ийнхүү ярьсан юм.
“Түрээсийн байранд материалаа өгөх гээд 4 дэх удаагаа очоод өгч чадсангүй. Анх түрээсийн байрны мэдээллийг ажлаа тарж явахдаа энэ сарын 21-нд Төрийн орон сууцны корпорацийн байрнаас олж мэдсэн. Тэр оройдоо tosk.gov.mn гэсэн сайтруу нь ороод http://tosk.gov.mn/4573.html линк рүү орж өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ авсан.
Түүнд бичсэнээр “Манай улсын нийт өрхийн гуравны нэг нь 500 мянган төгрөг хүртэл орлоготой бөгөөд орлогынхоо 80 гаруй хувийг зөвхөн хүнсэнд зориулж хоногийн хоолоо залгуулж амьдардаг тэдгээр өрхүүдийн хувьд халаалттай тохилог орон сууцанд орно гэдэг холын хол мөрөөдөл. Төрийн орон сууцны хамгийн бага талбайтай орон сууцаар тооцоход (34 м2, 1 м2=1350.0 мянган төг) 46 сая төгрөг байгаа нь тэдгээр өрхүүдийн жилийн орлогоос 7.7 дахин их байгаа юм. Эндээс тооцоход тэдгээр өрхүүдийн хувьд байр худалдан авах ямар ч боломжгүй бөгөөд урьдчилгаа 30 хувь болох 13.8 сая төгрөгийг ч хуримтлуулах чадваргүй байгаа юм” гэсэн байсан ба өөр бусад мэдээллийг хараад яг л над шиг байр авах боломжгүй иргэдийгээ дэмжих үйл ажиллагаа байна хэмээн таатай санагдсанаа нуух юун.
Мөн бүрдүүлэх бичиг баримтуудыг ч хараад чирэгдэл, дарамт бололгүй бүрдүүлж болох юм байна гэж бодсон.
Тухайлбал, Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
- Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
- Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
- Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
- Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Энэ дагуу бичиг баримтаа бүрдүүлээд энэ сарын 28-ний өглөө 07.00 цагт эхний автобусаар ирээд дугаарлаад орлоо. Гэтэл 1-рт нийгмийн даатгалаа наториатаар батлуул, 2-рт зээл авч байсан учир зээлийн эргэн төлөлтийн хуулгаа авчир гэсэн. Дээр дурдсан зүйлүүд дээр эдгээрийн (наториат болон банкны хуулга) аль нь ч байгаагүй хэдий ч би дахин бүрдүүлээд 2 дахь удаагаа ирлээ. Тэгсэн та 600000 төгрөгийн цалин авдаг, дээр нь зээлтэй учир түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй гэлээ. Би ганц бие эмэгтэй. Уг нь зээл, түрээсээ төлөөд 100 гаруй мянга төгрөг цаана нь үлддэг юм. Тийм ч боломжгүй зүйл биш гэж бодож байна.
Тэгээд бас би цуг ажилладаг найзтайгаа хамт амьдрах талаар ярьж байсан боловч найзын маань цалин хүрэхгүй учир татгалзсан. Харин хамтран түрээслэгчээр хамт бүртгүүлж болох талаарх мэдээллийг tosk.gov.mn сайтаас огт олж хараагүй байсан болохоор ганцаараа л материалаа бүрдүүлж очсон нь тэр юм. Харин намайг хүлээж авсан 2 дахь ажилтан “та хамтран түрээслэгчийнхээ бичиг баримтыг бүрдүүлж ирвэл танд боломж байна” гэсэн.
Хэрэв энэ мэдээлэл нь анхнаасаа байсан бол мэдээж анхнаасаа л хамт бүрдүүлээд л орж ирэх байсан. Ингээд би найздаа утсаар хэлээд найз маань бичиг баримтаа бүрдүүлээд ингээд 3 дахь удаагаа ирлээ. Тэгсэн нэг шар бичиг нэхээд гадаа үүдэн дээр оруулсангүй. Тухайн үүдний зохицуулагч залуу ажлаа хийж байгааг нь ойлгож байна. Гэхдээ л эмэгтэй хүнтэй маш ёс зүйгүй харьцсан. Би худлаа хэлээгүй мөн 3 дахь удаагаа ирж байгаа нь ч үнэн. Ингээд дахин дугаарлаж байж орой 5 цагийн үед дахиад 4 дэх удаагаа ирж гомдож байж цагдаа намайг оруулахаар болж орууллаа.
Тэгсэн өнөө эмэгтэй хамтран түрээслэгч чинь таны юу вэ гэхэд найз гэж хариуллаа. Тэгсэн найз болохгүй шүү дээ гэх юм. Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Миний хамт түрээслэх хүн хэн байх ёстой юм бэ? Би хэнтэй хамт амьдрахыг төр надад зааж, зохицуулах ёстой юу? Би 40 гарсан бэлэвсэн эмэгтэй. Би заавал ах дүүтэйгээ хамт амьдрах ёстой болж байна уу?
Дээрээс нь зохицуулагч бололтой нэг залуу шууд газар дээрээ нэг журам зохиогоод бид 2-ыг гэрлээгүй, ганц бие гэсэн бичиг авчир гэж байгаа юм. Ингээд үүрийн 07.00 цагаас эхлүүлэн хөөцөлдсөн ажил маань талаар болов. Бас болоогүй гэрлэлтийн талаарх мэдээлэл авахаар ТҮЦ машин дээр ирсэн чинь нөгөө машин нь засвартай. Тэгээд ер нь яагаад би зүгээр түрээсээ төлөөд амьдрах гэж байж гэрлэлт тодруулах шаардлагатай гэж.
- Түрээсийн байранд түрээсээ төлнө гэсэн хүн л ордог юм байгаа биз дээ.
- Боломжгүй иргэдээ дэмжих бодлого биш байсан юм уу? Мэдээж боломжтой хүн түрээсийн байранд орохыг хүсэх үү?
- Ийм олон бичиг бүрдүүлэх байсан юм бол анхнаасаа бүгдийг нь дэлгэрэнгүй мэдээлэх хэрэгтэй. Хагас дутуу мэдээлэл тавьчихаад иргэдэд чирэгдэл учруулж болохгүй шүү дээ.
Манай найз бид хоёр бүхэл бүтэн нэг өдрийн ажлаа алдлаа. Үүнийг мөнгөөр тооцож үзвэл 30000+15000=45000төгрөг, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 5500 төгрөг, наториат бүрт 1100*4=4400 төгрөгийг хий дэмий үрэгдүүллээ. Мөн дахиад ямар нэгэн бичиг баримт хөөцөлдөх итгэл, сонирхолгүй болчихлоо. Ядарсан иргэдээрээ ингэж наадах хэрэг байгаа юм болов уу?” гэсэн юм.