“Сутайн буянт” ХХК-ийн Ч:38 ХМК-Хайлааст чиглэлийн, Б.Ганхуяг даргатай I бригад өнгөрсөн даваа гаригаас эхлэн долоо хоног хөдөлгөөнт өдөрлөг зохион байгуулж буй. Тус компанийн 140 жолооч санаачилж, “Дүрмээ баримталъя-соёлтой үйлчилье” сэдэвт гурван сарын аян өрнүүлж байгаа юм билээ. Таван чиглэлд үйлчилдэг жолооч нар найман бригад болон хуваагдаж, өөрсдийн “Нэрэмжит долоо хоног”-оороо төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй аж.
“Нэгдэж чадвал нийтийн тээвэр ОК. Хамтарч чадвал хотын хөгжил ОК” уриатай I бригадын 18 жолооч өнгөрсөн бямба гаригт “Нэрэмжит долоо хоног”-оороо автобусандаа иргэдийг урин ярилцав. Ингэхдээ нийслэлийн Тээврийн газар, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасаг, “Улаанбаатар смарт карт”-аас мэргэжлийн хүмүүс урьж, өдөрлөгтөө оролцуулан, зовлон жаргалаа хуваалцлаа.
11.00 цагт Ханын материалын автобусны эцсийн зогсоолоос хөдөлсөн бид 12.00 цаг гэхэд Хайлаастад хүрэв. Эндхийн зам хэт нарийн, бас өгсүүр тул бороо, цастай үед эцсийн буудалд хүрэлгүй эргэдэг тухайгаа жолооч Ө.Баянхүү хэлсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр орсон цаснаар жолооч нар Хайлаастын автобусны эцсийн зогсоолоос зорчигчдоо авч чадаагүй аж. Замын энэ мэт нөхцөл байдлаас болж осол гарах нь цөөнгүй гэнэ. “Сутайн буянт” ХХК-ийн тээвэр хариуцсан менежер Ц.Мөнхжаргал “Автобусны зарим буудал тэмдэг тэмдэглэгээгүй байна.
Бас жолооч нар буудал дээр зогсож хүнээ авсаар байхад программ дээр зогсоогүй гэсэн мэдээлэл гараад байдаг. Энэ нь “Улаанбаатар смарт карт” компанийн төхөөрөмжтэй холбоотой байх. Мөн автобусны буудлуудад жижиг тэрэгнүүд хахчихсан, автобус зогсох зайгүй байх юм. Бид 91 автобусаар таван чиглэлд үйлчилж байгаа. Ч:38 чиглэлд ажлын өдөр 14, амралтын өдөр есөн автобус иргэдэд үйлчилж байна. Зорчигчид “Автобусныхаа тоог нэмэгдүүлээч. 10 минутаас илүү хүлээмээргүй байна” гэсэн санал ирүүлсэн. Манайх автобусныхаа тоог нэмэх саналаа Тээврийн газарт уламжилсан” гэв.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасгийн байцаагч, ахлах дэслэгч Л.Эрдэнэбаатар “Манай тасгийн 38 алба хаагч дүүргийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг ч зарим газар хүрч үйлчилж чаддаггүй. Автобусны буудлуудад зогсдог хувийн таксинуудыг шинэ хуулиар 9600 төгрөгөөр торгож байгаа ч нэмэр алга. 10 гаруй мянган жижиг тэрэг таксины үйлчилгээ эрхэлж байгаа гэсэн тоо бий. Эдгээрийг автобусны буудлуудад аль болох зогсоохгүй байх арга хэмжээ авч байгаа.
Нийтийн хэв журам хамгаалах газраас саяхан 20 алба хаагчийг автобусны буудлуудад ажиллуулсан. Автобусны жолооч нарыг аль болох буудал руугаа шахаж зогсох, хүнээ буулгаж, суулгахад нь хүрэлцэхүйц зай талбай гаргаж өгөхийг хичээж байна” гэлээ. Жолооч Ө.Баянхүү нэг хаалгаар орж картаа уншуулаад нөгөөгөөр нь буугаад сурчихлаа. Давуу тал олон байгаа ч зарим зорчигч бэлэн мөнгөөр үйлчлүүлэхдээ дутуу мөнгө хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүний картаар эрүүл, ахмад настныхаар залуу хүмүүс зорчих явдал их байна.
Тиймээс иргэдийг үнэн зөвөөр, шударгаар төлбөрөө төлж, үйлчлүүлээсэй л гэж хүсэж байна” гэж ярив. Тээврийн газрын мэргэжилтэн Ч.Болд “Төрийн захиргааны үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудаас мэргэжилтнүүд урьж, бодит байдлыг газар дээр нь үзүүлснээрээ өнөөдрийн энэ арга хэмжээ их шинэлэг, үр дүнтэй болж чадлаа. Бид буудлуудын тэмдэг тэмдэглэгээг шинэчилж байгаа. Зарим чиглэлд автобус цөөндөө биш, замын түгжрэлээс болоод хүлээх явдал гарч буй” гэсэн юм.
О.БАТ-УНДРАХ