Хүний амьдралд тэр дундаа эмэгтэй хүний амьдралд тохиолддог дахин давтагдашгүй цор ганц өдөр бол хуримын өдөр байдаг.
Амьдралдаа ганцхан тохиолдох хуримынхаа өдрийг гайхалтай өнгөрүүлж, хамгаас онцгой сайхан харагдахыг бүсгүй хүн бүр мөрөөддөг болов уу. Гэтэл цагаан даашинз, цэцэг, гоёл чимэглэлүүд, хуримын дуу, урилга, хүлээн авалт гээд бүх зүйлийг “төгс” байхыг эрмэлзэх ч санаснаар болохгүй нь бүсгүйчүүдийг багагүй бухимдахад хүргэдэг.
Тэгвэл энэ дээрх бүгдийг Шангри-Ла зочид буудлын хамт олонд бүрэн даатгаж болохоор болжээ. Зөвхөн хосуудын хүсэл хэрэгцээнд зориулсан хуримын тусгай багцыг тэд санал болгож байгаа нь энэ аж. Монгол уламжлалыг шигтгэсэн эсвэл чамин хээнцэр, дээд зэрэглэлийн онцгой орчинд үл мартагдах хайрын түүхээ бичихэд нь Шангри-Ла зочид буудлын мэргэжлийн баг туслах юм.

Тухайлбал, тус зочид буудлаас зохион байгуулж буй “Надтай гэрлээч” хуримын үзэсгэлэнд хүрэлцэн ирж, 30 гаруй мэргэжлийн байгууллага, нийлүүлэгчдийн загвар, бүтээлүүдтэй танилцаж, сонголтоо хийх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, хэзээ ч мартагдашгүй хуримыг тань зохион байгуулахад шаардлагатай бүхий л зүйлийг нэг дороос авах боломжийг олгож байгаа юм байна. Энэ сарын 9-10-ны хооронд зохион байгуулагдаж буй “Marry me” үзэсгэлэнд хуримын бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдэг дотоодын компаниуд оролцож байгаа аж.

Энэ талаар Шангри-Ла зочид буудлын Борлуулалт, маркетингийн туслах мэргэжилтэн, “Надтай гэрлээч” үзэсгэлэнгийн зохион байгуулагч А.Дөлгөөнөөс тодруулахад “Шангри-Ла зочид буудал хуримын үзэсгэлэнг анх удаагаа амжилттай зохион байгуулж байна. Энэ нь өмнө зохиогдож байсан үзэсгэлэнгүүдээс илүү стандартчилагдсан, цэгцтэй, цомхон хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Хуримаа хийхээр зорьж буй хосуудад хэрэгтэй бүхий л үйлчилгээг санал болгож байгаа юм. Ингэхдээ Монголдоо хамгийн шилдэг гэсэн дотооддын компаниудыг сонгож авсан. Гэхдээ дараа жилээс гаднын компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Харин хуримын багцын хувьд хоолны цэснээс хамаарсан хоёр үндсэн багцтай гэнэ. Багц тус бүр 4-5 төрлийн хоолтой бөгөөд дөрвөн төрлийн хоолтой оройн зоогч хүн тус бүрийн 138.000 төгрөгийн үнэтэй бол таван төрлийн хоолтой оройн зоог нь 158.000 төгрөгийн үнэтэй аж.
Хоёр дахь багц нь мөн л 2 цэстэй ба 208.000 төгрөгийн үнэтэй цэс 4 төрлийн хоолтой, 238.000 төгрөгийн багц таван төрлийн хоолтой юм байна.
Багц тус бүрийн үнэд ерөнхий ширээний чимэглэл, оройн зоог, хосуудын унтах өрөө, өглөөний зоог барих эрх гэх мэт багтаж байгаа.
Үүнээс гадна зочид буудлын найман өрөөг тусгайлан зассан ба үүний дотор 2 өрөөг гэрлэлтийн батлах танхим болгон зассан байна.