Өөдөөс алхах залуугийн хаясан шүлсэнд арай л оногдчихсонгүй, халаг гэж. Өлмийний минь яг өмнө унаж байна, өнөөх нь. Хөл хөдөлгөөн үл тасрах их хотын гудамжинд, гэгээн цагаан өдрөөр “гах, гух” гэж хүний өмнө шүлс, нусаа хээв нэг хаясныг юу гэж ойлгох вэ, хэлэх ч үг олдохгүй нь. XX зууны эхэн үеийн “хуучин хүү” биш дээ.
Ингэхэд өнөөх хууль, дүрэм, журам чинь яалаа. Дөнгөж сар гаруйхны өмнө “Эрүүл ахуйн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэллээ. Гудамжинд шүлс, нус, цэрээ хаявал 5000- 1.000.000 төгрөгөөр торгоно” гээд байгаагүй бил үү. Хэн хэрэгжүүлж, хяналт тавьж, торгох юм бэ. Эсвэл тэр залууг би өөрөө торгох ёстой байв уу.
Үнэндээ энэ бол ганц миний асуудал биш ээ, тогтож нэг хараарай. Хөгшин залуу, эр эмгүй шүлс, нус, цэрээ гудамжинд, олон нийтийн дунд хаяж байна. Цардмал зам дээгүүр тэр нь алаглаад муухай. Авто зам дээр ч машиныхаа цонхоор “пүр, хүр” хийлгэх нь энүүхэнд.
Уг нь хууччуул шүлсээ хаявал аман хишиг барагдана гэж ярьдаг сан. Анагаах ухааны үүднээс ч хүн шүлсээ их хаяснаар залуужуулах даавраа алддаг хэмээн тайлбарладаг юм билээ. Өөрөөр хэлбэл, нас ахих тусам үхжиж байдаг эд, эсүүдийг нөхөн төлжүүлж, тэтгэдэг “ид шид” шүлсэнд бас бий гэнэ шүү. “Шүлсний булчирхайнаас ердийн үед байнга ялгарч байдаг, байгалиас заяасан шингэн шүүрэл” хэмээх шинжлэх ухааны тодорхойлолт бүхий шүлс нь хоол боловсруулах, шүд цоорохоос сэргийлэх, амны хөндийг цэвэр байлгах зэрэг олон үүрэгтэй.
Нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг гэж үздэг бөгөөд хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг байна. Шүлсээ хаяхад маш их нян агаарт цацагдана гэсэн үг. Үүнээс болж ханиаднаас авахуулаад сүрьеэ зэрэг халдварт өвчин тархах нь тодорхой. Сүрьеэтэй хүн таны хажуугаар шүлсээ хаяад өнгөрөхөд танд халдах магадлал 95 хувь аж.
Тэгэхээр шүлсээ гамна, манайхаан. Өөрийн юмыг өөртөө л байлгаж, өөртөө болон өрөөлд бүү гай тарь. Шүлсээ зориулалтын дагуу “ашиглаж”, зөв, боловсон байцгаая, монголчууд аа.
Бас тэр шүлс, нус, цэрээ хаа хамаагүй хаяж буй нөхдөд хяналт тавих олон нийтийн, сайн дурын ажилтан, цагдаа нарыг ажилд нь гаргавал яасан юм бэ. Шүлсээ хаягч этгээд хаана ч хамаагүй дураараа авирлаж болохгүй гэдгээ ойлгоод, ухамсарлачих л даа.
Б.НОМИН