МСБХ лигийн шилдэг тамирчдын өрсөлдөөнийг сагсан бөмбөгийн талбайд дахин авчрахын тулд Мастерс лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Хоёрдахь удаагийн лигийн тэмцээнд нийтдээ 9 баг оролцож 4 сарын турш өрсөлдөсний эцэст Алтайн Бүргэдүүд, Бизнесийн Чөтгөрүүд багууд финалд шалгарч үлдээд байсан юм. Цувралын эхний тоглолтонд Бүргэдүүд 20 гаруй онооны зөрүүтэй илүүрхсэн бол хоёрдахь тоглолтонд ОУХМ Т.Түвшинбаяр багтайгаа нэгдсэнээр багтаа хожлыг авчирсан. Гэхдээ ОУХМ Цэгмидийн Баярхүүгийн хожлын шидэлтгүйгээр Чөтгөрүүдийн амжилтыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс шийдвэрлэх 3 дахь тоглолт өнгөрөгч ням гарагт СТО-нд боллоо. Хоёр баг эхнээсээ өгөө аваатай тэнцүү тоглолтыг үзүүлж байсан ч, СМ Б.Тамирын холын зайн дараалсан шидэлт, Түвшинбаярын дундын зайн шидэлтүүд үүсээд байсан онооны зөрүүг арилган багтаа тэргүүллийг авчирсан юм. Энэ тэргүүллээ дөрөвдүгээр үед хадгалсаар үндсэн цагт 84-80 харьцаатай Чөтгөрүүд баг хожиж, мастерс лигийн аваргаар анх удаагаа тодорлоо. СМ Б.Тамир 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Түвшибаяр 15 Баярхүү 13 оноогоор удаалжээ. Харин шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогчоор ОУХМ Г.Наранбаатар тодорлоо. Хэдийгээр баг нь аварга авч чадаагүй шигшээ цурвралд 31 оноо 8 самбар 6 дамжуулалт дунджилсан байсан учраас МакМайнд компанийн нэрэмжит цомын эзэн болсон юм. Мастерс лигийн тэмцээний аварга багт цом, алтан медаль, 4 сая төгрөгийн шагнал очсон бол дэд байранд мөнгө медаль, гурван сая төгрөгийн эзэн болжээ.