Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУын Хөхнуур мужийн Төвд үндэстний өөртөө засах Юйшу тойргийн 60 хүүхэдтэй өчигдөр уулзаж тэдэнд хандан үг хэлэв. “Найрамдал” зусланд амарч байгаа хүүхдүүд ойр дотно хүлээн авсан монгол хүүхдүүд болон Монгол Улсын Засгийн газарт талархалаа илэрхийлээд, байгалын үзэсгэлэнт манай оронд ирээд олон найз нөхөртэй болсон, их зүйл мэдэж сурч байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөхнуур мужийн 60 хүүхэд энэ сарын 3-10-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд амарч байгаа юм.
Сайд Г.Занданшатар хүүхд үү дэд хандаж хэлэхдээ, “Манай Засгийн газрын урилгыг хүлээн авч амрахаар ирсэн сурагчдад хувиасаа болон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Засгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, манай оронд тавтай морилохыг ерөөе. Манай хоёр орон 4700 гаруй километр хилээр хиллэдэг бөгөөд сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.
Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг ирээдүйд авч явах, хөгжүүлэх эзэд нь бидний хойч үе болсон хүүхэд, өсвөр үеийнхэн та нар билээ. Хөхнуур мужид болсон байгалийн гамшиг, газар хөдлөлтөд өртөн, хүнд гарз хохирол амссанд туйлын их харамсаж байгааг илэрхийлэхийн ялдамд энэ хүнд хэцүү үеийг даван туулж, амьдралын зорилго тэмүүлэлтэйгээр, ирээдүйд итгэл тэйгээр цаашид сурч, хөдөлмөрлөхийг хүсэн ерөөе” гэв.