
Зуны аагим халуунд усны хувцастай уртаас урт усан гулсуураар гулгавал догь биш гэж үү. Азийн томоохон хотуудад хэдийнэ уламжлал болсон усан гулсуураар гулгах арга хэмжээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр "Скай ресорт"-д нээлтээ хийх гэж байна. Тав хоногийн турш үргэлжлэх уг арга хэмжээг "City Slide in Mongolia" компани зохион байгуулж байгаа бөгөөд зуны туршид нийслэлд төдийгүй, орон нутагт ч зохион байгуулах гэнэ.
Америкт өрнөдөг "Black light slide" арга хэмжээний гулсуурыг үйлдвэрлэгч компани монгол гулсуурыг хийж буй. Энэ сарын 20-нд "Скай ресорт"-д сүндэрлэж, туршилтын гулгалтыг хийх гэнэ. Энэ талаар тус арга хэмжээний зохион байгуулагч А.Батхишигээс тодруулахад "Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бид тусгай бэлтгэгдсэн ажилтнуудын гулсуурын эхлэл, дунд, төгсгөл хэсэгт ажиллуулна. 300 метр урт гулсуур маань Азидаа хамгийн урт гулсууруудын тоонд багтана. Гулсуур маань нийт гурван замтай. Нэг зам нь гэр бүлийнхэнд буюу хүүхэд багачууд гулгахад тохиромжтой бол нөгөө хоёр нь залууст зориулагдсан. Манай арга хэмжээ далайн эргийн фестиваль хэлбэртэй өрнөх юм. Зөвхөн гулсуураар гулгаад зогсохгүй бүтэн өдрийн турш тэнд байрлаж, цагийг зугаатай ая тухтай өнгөрүүлэх бүхий л нөхцлийг хангах болно. Нийслэлийн томоохон зоогийн газруудын халуун хоол, хүйтэн ундаа, амттанаар үйлчлүүлээд зогсохгүй хүсвэл гэр бүлээр тухлах майхныг ч байрлуулсан байгаа" гэсэн.
Мөн энэ үеэр наадмын талбайд хоёр тайз байрлуулж, амьд хөгжмийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах аж.