Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч бямба гаригт Говь-Алтай аймгийн Алтай суманд хүрэлцэн ирэв. Тэрээр аймгийн “Айргийн хад” болон “Ентум” компанийн үйлдвэр, удахгүй ашиглалтад хүлээн авах гэж байгаа эмнэлгээр орж байдалтай нь танилцсаны дараа Алтай сумын иргэдтэй уулзаж ярилцлаа.
Саяхан 70 жилийн ойгоо тэмдэглэсэн алтайчуудад Ерөнхий сайд Засгийн газрынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, шийдвэрийн талаар танилцуулав. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байна гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Говь-Алтай аймгийн хувьд цахилгаан эрчим хүчний хангамж хамгийн тулгамдсан асуудал. ГовьАлтай, Завхан аймгийг эрчим хүчтэй болгохын тулд усан цахилгаан станц барихад зориулж төр, засгаас сүүлийн гурван жил 50 гаруй тэрбум, сумдын 1800 гаруй км урттай цахилгаан дулааны шугам, дэд станцуудыг барихад 40 орчим тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгааг тэрээр хэллээ.
Байгаль орчинд хор нөлөө багатай учир усан цахилгаан станц барихыг Засгийн газар дэмжиж байгаа. Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг л эрчим хүчээр хангаж байна. Гэхдээ энэ жил хур бороо ихтэй байсны дүнд усны хэмжээ нэмэгдсэн учир станцыг ирэх сараас эхлэн туршилтын журмаар бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөжээ.
Говь-Алтай аймагт эрчим хүчний хангамж хамгийн сүүлд шийдвэрлэгдэж байгаа боловч байгаль орчинд хамгийн хор нөлөө багатай, орчин үеийн технологи бүхий усан болон нарны эрчим хүчний цахилгаан станц баригдаж байна. Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчтэй болгох, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голын дулааны станцыг ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Тайширын усан цахилгаан станц жигд ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол гэрэл, цахилгаантай болох гэсэн Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн хүлээлт биелэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.